Том байцгаая л даа

2017-04-11 Бор шувуу

ЕГӨӨ

Бид анхнаасаа л илүү том сэдвээр ярих ёстой байсан юм. Сэдэв маань томрох тусам биднийг алсын ирээдүйг харж байна хэмээн харилцагч маань илүү их хүндэлнэ. Тухайлбал зурагтаар “гэр хорооллынхон талхыг хувааж, төмсийг ширхэглэж авч байна” гэх мэдээ гаргах хэрэггүй. Харин түүний оронд зураглаач, сэтгүүлч хоёр Хүрэлтогоотод очоод од дурандана. Монголын үе үеийн эзэн хаад одон орон судлалын асар том төвүүдийг байгуулж байсныг иш татаад сансар судлалын эцэг гэгдэх Констан Циолковскийг монгол гаралтайг нэмж тодотгоод “Монголчууд сансар судлалд NASA-тай өрсөлдөж байна” хэмээн цог жавхаатай өгүүлнэ. “Хонины нэхий боодол бохиноос хямд байна” гэж сонинд нийтлэх нь буруу. Харин ч эсрэгээр илүү даацтай далайцтай юм бодож ол. Монголчууд торгоны замыг эрхшээж байсан хүчирхэг үеийг өгүүлээд худалдаачид, баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагчдад нэн таатай шинэ ертөнцийг бүтээж байгаагаа зарла.  Эмнэлгийн ор хүрэлцээгүйгээс өвчтөн, сахиурууд нь үүдний өрөөнд гудас дэвсээд хэвтэж байгааг ярихын оронд Алтайн тарваганы тосоор ДОХ-ыг эмчилж болох тухай, хээрийн саарал чонын түүхий махаар элэгний өвчнийг бүрэн эдгээж байгааг өгүүл.

Засаг мөнгөгүй болоод цалин тавьж чадахгүй байгаа тухай бид албан өрөөндөө шивнэлдэхээр гаднын агентлагууд сонсоод Монголын Засгийн газар, банкуудын зэрэглэл чадварыг бууруулж байна. “Ногоон мөнгөний ханш сансарт савлаж, төгрөгөөр шал арчдаг боллоо” гэх тусам “Найман шарга” хавийн ченжүүд үнийг нь улам өсгөөд байна. “Бензиний үнэ нэмэгдэх” нь гэж ярилцангуут л шатахуун импортлогч компаниуд бүгдээрээ тохиролцсон юм шиг өнөөх түлшээ шаланкаар биш шанагаар зарах гээд байдгыг санаж байна уу.

“Засгийн газар мөнгөгүй байгаагаа зарлаад нөхцөл байдал шал дордчихлоо” гэх эдийн засагчид байсан. Нээрээ тийм л дээ. Анхнаасаа ард олноосоо үнэн төрхөө нуугаад, түмэн олноороо “жаргаж үхэж” байгааг өгүүлэх байсан юм. Тэгвэл хэтэвч дүүрэн мөнгөтэй, тогоо дүүрэн хоолтой, халамжинд хөлбөрч, хайранд нялхрах байсан нь гарцаагүй үнэн.

Урт сайхан найраа эхлээд

Уян сайхан дуугаа дуулаад

Хундага тавилгүй ууж

Хутга тавилгүй идэх  гэтэл өнөө муу хэн чинь “гэрээ зараад одонгоо угааж” байгааг хэлээд шал “наастар”-гүй болгочих юм даа.  Гэртээ харьж, худганд оочирлохоос доо.

Г.Жаргал

Чуулган: Байр суурь

3 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

4 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.