Америкчууд Сирид довтлохыг зөв гэж үзжээ

2017-04-11 Ертөнц

Америкчуудын дунд явуулсан санал асуулгаар 10 хүн тутмын зургаа нь Д.Трампын Сири рүү довтлох шийдвэрийг зөв гэж үзэж байгаа нь харагджээ. Өнгөрсөн долоо хоногт АНУ байлдааны хөлөг онгоцоосоо 59 ширхэг залуурт пуужин Сири рүү харвасан билээ. Үүнийг иргэдийнхээ эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн Башар Ассадын дэглэмд өгч буй цохилт гэж Цагаан ордон тайлбарласан.

Хэдийгээр иргэдийн олонх нь Д.Трампын пуужингийн довтолгоог дэмжсэн ч цаашид АНУ ямар арга хэмжээ авах нь зөв талаар нэгдсэн байр суурьгүй байгаа нь ч эл судалгаагаар харагджээ. Тухайлбал, 10 хүн тутмын гурав нь агаарын довтолгооныг дэмжсэн ч араас нь хуурай замын цэргээ оруулах ёстой гэж үзэхгүй байгаагаа хэлжээ. Мөн санал асуулгад оролцогчдын 26 хувь  нь дипломат яриа хэлэлцээний замаар асуудлыг шийдэх ёстой, 18 хувь нь цэргээ Сири рүү оруулах ёстой, 15 хувь нь ерөөсөө АНУ энэ дайнд оролцох хэрэггүй гэх мэтээр харилцан адилгүй санал бодолтой байжээ.

Үүнд иргэдийн улс төрийн үзэл баримтлал ч нөлөөлж байгаа нь харагджээ. Тухайлбал, бүгд найрамдахчууд дунд агаарын довтолгоон, хуурай замын цэрэг оруулахыг дэмжсэн хүмүүс цөөнгүй хувьтай байхад ардчилсан намын дэмжигчдын хувьд цэргээ оруулахгүйгээр агаараас цохилт өгч болох юм, гэхдээ дипломат арга зам нь л дээр гэсэн бодолтой байна.

Трампын хувьд ч одоо хамгийн хэцүү шийдвэр гаргах үе тулж ирсэн гэж ажиглагчид хэлж байна. Учир нь, иргэдийнхээ эсрэг химийн зэвсэг ашигласан Б.Ассадыг шийтгэж байна хэмээн эхний удаа агаарын цохилт өгөх амархан ч түүний дараа яах вэ гэдэг маш хэцүү улс төрийн шийдэл юм.

Б.Номун

 

 

 

 

<

© 2021 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.