30 гаруй сая дууг зохиогчийн эрхтэйгээр сонсох суваг – Spotify

2019-06-24 Бизнес

Онцлох бизнес


… Спотифай-ийн хувьд бизнес хийх үндсэн нөөц нь гэрээ хийж байгаа хамтрагчид, брэнд, агуулга, мөн ажиллах хүч нь юм. Зардлын бүтэц нь хөгжмийн роялти, цалин хөлс, үйлчилгээний зардал, үйлчилгээ хүргэх зардал гэсэн хэсгүүдээс бүрдэнэ. Нийт олж байгаа орлогынхоо 70 орчим хувийг зохиогчийн эрх эзэмшиж байгаа харилцагч талдаа шилжүүлдэг. Тэдгээр харилцагчид нь гэрээнд заасны дагуу тухайн агуулгын эзэн болох уран бүтээлчдэд зохих хувийг нь хуваарилдаг байна…

Хөгжмийн хэрэглээний хувьсал өөрчлөлтийг даган гарч ирсэн үйлчилгээ, 140 сая хэрэглэгчтэй апп, Шведэд байгуулагдсан амжилттай яваа старт-ап. Энэ бол Спотифай /Spotify/

Шведээс гаралтай энтрепренер, технологич Даниел Эк 2006 онд Стоккольм хотод Спотифай компанийг үүсгэн байгуулжээ. Мартин Лорензон түүнтэй хамтран ажилласан байдаг. Бичлэгийн лэбелүүд болон медиа компаниудаас зохиогчийн эрхийн хүрээнд агуулга авч түүнийг сонсогчдод түгээх нь Спотифай-ийн гол бизнес юм. Европ болон Америкийн ихэнх орнууд, Австрали, Шинэ Зеланд, мөн Азийн зарим улсуудад эдний үйлчилгээг хүлээн авах боломжтой байдаг. 1600 ажилтантай. 2015 онд компанийн жилийн орлого 2 тэрбум 180 сая доллараар хэмжигдэж байсан.

Виндөүз, Мак, Линукс гээд бүхий л төрлийн үйлдлийн системтэй суурин компьютер дээр спотифай-ийн үйлчилгээг авах боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл iOS болон андройд үйлдлийн систем аль алинийг нь дэмждэг гэсэн үг. Спотифай-ийн платформ дээрээс дуу хөгжмийн уран бүтээлч, цомог, жанр, бичлэгийн студи гэх мэтчилэн ангилалаар хайж болдог. Нийтдээ 30 гаруй сая дууг зохиогчийн эрхтэйгээр сонсох суваг гэж ойлгож болно. Хэрэглэгч өөрийн дуртай агуулгуудын хавтасыг нээх, түүндээ өөрчлөлт оруулах, бусадтай хуваалцах, мөн бусад хэрэглэгчидтэй хамтран хавтас үүсгэх боломжтой. 2017 оны 6 дугаар сарын байдлаар Спотифай-ийн сарын идэвхитэй хэрэглэгчийн тоо 140 сая давж гарсан байсан. Үүний 60 сая нь нэмэлт захиалга өгч, төлбөр төлдөг хэрэглэгч юм. Үнэ төлбөргүй үйлчилгээг сонгосон хэрэглэгч бол спотифай-ийн хүргэж байгаа агуулга буюу дуу хөгжмийг зар сурталчилгаатайгаар хүлээн авдаг. Харин спотифай премиум үйлчилгээг авах бол сарын 9.99 долларын төлбөртэй. Энэ багцад зар сурталчигаагүйгээр хамгийн дээд зэргийн чанартайгаар дуртай дуугаа сонсох эрхийг нээж өгсөн байдаг. Оффлайн үед дуу татаж авах, ямар нэг хязгаарлалтгүйгээр агуулгыг алгасаж сонсох зэрэг нэмэлт үйлчилгээ мөн багтсан байдаг юм. Премиум үйлчилгээний оюутнуудад зориулсан хувилбар 4.99 доллар, гэр бүлд зориулсан багц 14.99 доллараар тус тус худалдаалагддаг.

Спотифай-ийн бизнес модел ерөнхийдөө бол тун энгийн. Фримиум модел гэж нэрлэгддэг. Өөрөөр хэлбэл үндсэн үйлчилгээ нь үнэ төлбөргүй. Нэмэлт үйлчилгээнд төлбөртэй захиалга авах замаар орлого олдог загвар юм. Үйлдвэрлэгчидтэй буюу бичлэгийн компаниудтай гэрээ байгуулж зохих эрхийн дагуу дуу хөгжмийг байрлуулаад түүнийгээ сонсогчдод түгээнэ гэсэн үг. Мөнгө олох хоёр гол эх үүсвэртэй. Эхнийх нь мэдээж хэрэг төлбөртэй үйлчилгээг сонгож байгаа хэрэглэгчид. Харин дараагийнх нь зар сурталчилгаа байрлуулж байгаа харилцагчид. Бичлэгийн компаниуд, зохиогчийн эрх эзэмшиж байгаа талууд, мөн хувь уран бүтээлчидтэй гэрээ хийж хамтран ажилладаг. Компанийн үйл ажиллагааны үндсэн хэсгүүд нь ширээний суурин компьютер болон гар утсанд зориулсан программ хангамж, аппликэйшн зохион бүтээх, дуу хөгжмийн санд зохион байгуулалт хийх, агуулга худалдан авах, гэрээ хэлэлцээ хийх, маркетинг хийх зэрэг ажлаас бүрддэг. Спотифай-ийн хувьд бизнес хийх үндсэн нөөц нь гэрээ хийж байгаа хамтрагчид, брэнд, агуулга, мөн ажиллах хүч нь юм. Зардлын бүтэц нь хөгжмийн роялти, цалин хөлс, үйлчилгээний зардал, үйлчилгээ хүргэх зардал гэсэн хэсгүүдээс бүрдэнэ. Нийт олж байгаа орлогынхоо 70 орчим хувийг зохиогчийн эрх эзэмшиж байгаа харилцагч талдаа шилжүүлдэг. Тэдгээр харилцагчид нь гэрээнд заасны дагуу тухайн агуулгын эзэн болох уран бүтээлчдэд зохих хувийг нь хуваарилдаг байна.

Нэг дууг спотифай платформ дээрээс нэг удаа тоглуулах бүрт дунджаар 0.006-0.008 доллар зохиогчийн эрх эзэмшигчид очдог гэсэн тооцоолол гарсан байдаг. Роялтигийн тухайд арай өөр зарчмаар тараагддаг. Өөрөөр хэлбэл хамтлаг дуучдын CD-г биет хэлбэрээр худалдах болон татаж авах байдлаар хүргэхэд тухайн зарагдаж байгаа нэгж ширхэг бүрээс тодорхой хувь авах байдлаар явдаг. Тэгвэл Спотифай өөрийн үйлчилгээнд ирж байгаа нийт хандалтын хэдэн хувь нь тухайн дуу хөгжим эзэлж байна гэдгээс хамаарч роялти төлбөрийг төлдөг байна. Өөрөөр хэлбэл хамгийн эрэлт ихтэй байгаа дуу хөгжимд оногдох үнэ нь илүү өндөр байна гэсэн үг.
Спотифай компани саяхан Уорнер Мюзик Групптэй хамтран ажиллах гэрээ байгуулсан. Өмнө нь Сони болон Юниверсал Мюзик Груп-үүдтэй ижил гэрээ байгуулаад байсан. Эдгээр хамтын ажиллагааны үр дүнд Спотифай-ийн хэрэглэгчид өөрсдийн сонирхдог уран бүтээлчдийнхээ бүтээлийг илүү хурдан шуурхай хүртэх боломжтой болно гэж тус компанийн агуулга хариуцсан албаны дарга Стефан Блом хэлсэн байдаг.

Зах зээл шинжээчид энэхүү шинэ гэрээг Ай Пи Ө гаргах өдөр хаяанд ирсний дохио гэж хүлээн аваад байгаа. Өөрөөр хэлбэл компани хувьцаагаа олон нийтэд нээлттэй арилжаалдаг болох бэлтгэлээ хангаж байна гэсэн үг юм.

Өрсөлдөгч Эппл Мюзик компани нь 27 сая хэрэглэгчтэй байхад Спотифай төлбөр төлдөг 60 сая хэрэглэгчтэй болсон нь хангалттай амжилт гэж хөрөнгө оруулагчид дүгнэж байна.

<

© 2019 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.