Д.Ган-Од: Тун удахгүй сурагчийн ухаалаг цүнх худалдаанд гаргана

2018-06-29 Made in Mongolia

Смарт цүнх Монголдоо үйлдвэрлэж буй “Дүйнхэр Тэргүүн” ХХК-ийн Ерөнхий захирал Д.Ган-Одтой ярилцлаа.

-Смарт цүнх гэхээр хүүхдийг хаана яваа мэдээлэл өгдөг байх гэсэн бодол шууд төрж байна. Ийм цүнх хийх санаа хэрхэн төрсөн вэ?

-Анх 2017 онд Сингапураас бидэнд смарт таяг хийх санал тавьсан. Би таягийн талаар судалж үзсэн л дээ. Францад хамгийн сүүлийн үеийн технологиор смарт таяг гарчихсан байсан. Хөгшчүүлийг унах үед мэдээлэл өгдөг, урдах замыг нь гэрэлтүүлдэг, байрлалыг тогтоох зэрэг үйлдлүүдтэй ухаалаг таяг юм. Нэгэнт Францад хийгдчихсэн 2017 оны дэлхийн инновацийн үзэсгэлэнгээс шилдэг шагнал авчихсан бүтээл байсан болохоор бид арай өвөрмөц хэлбэрийн бүтээл гаргая гэж шийдээд ухаалаг цүнх хийх саналаа Сингапурын талд тавьсан. Тэд бидний саналыг дэмжсэн. Электроникийн холбогдолтой зүйлийг хийхэд хэлхээний дизайныг гаргах шаардлага байдаг. Тиймээс эхэлж хавтангаа хийн туршиж явсаар одоо л электроникийн загвараа бэлэн болгож байгаа юм. Цүнхээ хятадын компаниар хямд хийлгэх талаар ярилцаж байгаад ер нь дотооддоо өөрийн үйлдвэрээрээ хийлгэе, аль талдаа ч гэсэн хэрэгтэй гээд Налайхад байдаг үйлдвэрт захиалгаа өгөөд цүнхээ хийлгэж байна.

-Смарт цүнх хэзээ худалдаанд гарах вэ, ямар үнэ өртөгтэй, ухаалаг гэхээр ямар үзүүлэлттэй байх вэ?

-Ирэх сард монголдоо худалдаанд гаргахаар төлөвлөж байна. Ер нь Сингапур цаашлаад Японд гаргах төлөвлөгөөтэй.

Энэ цүнх нь сурагчийн үүргэвч хэлбэртэй бөгөөд төхөөрөмжийг нь цүнхэнд байрлуулах юм. Төхөөрөмж нь жижигхэн, овор багатай, зай эзлэхгүй болохоор ямар ч асуудалгүй. Цүнхэнд байрлах энэхүү төхөөрөмж нь хүүхдийн хаана явж байгаа байрлалыг нь тогтооно. Мөн жингийн мэдээллийг өгдөг. Хүүхэд хүнд ном дэвтэр үүрлээ, нуруу нь бөгтөр болчих вий хэмээн эцэг эхчүүд үргэлж сэргийлдэг, тэгэхээр хүүхдэд тохирсон хэмжээг зааж өгөх юм. Түүнчлэн биеийн дулааныг мэдэрдэг. Хүүхэд халуурч байвал шууд төхөөрөмж градусыг заана. Нөгөө талаасаа гэрэлтүүлэгтэй. Орой шөнө явахдаа гар чийдэн маягаар ашиглаад явах боломжтой. Эцэг эхчүүд гар утас, компьютер ер нь интернеттэй орчинд хүүхдээ төхөөрөмжийн тусламжтайгаар хянаад мэдээлэл аваад явах юм.

Үнийн хувьд дотооддоо 100 мянган төгрөгөөр Сингапурт 100-200 доллараар борлуулах бодолтой байна.

-Сүүлийн үед хүүхдүүд гар утсыг олон цагаар хэрэглэх болсон, энэ нь хүүхдийн тархинд муу гэх. Биедээ тодорхой цаг электрон, цахилгааны төрлийн зүйл тээж явах нь ямар нэг сөрөг тал гарах уу? Энэ талаар тооцоолсон уу?

-Төхөөрөмжийг хүүхдийн биес хамгаалахын тулд хүүхдийн үүрэх арын хэсэгт нь долгион тусгаарлагч материал хийж өгсөн. Тэгэхээр тухайн долгион хүүхдийн бие рүү ямар нэгэн нөлөө байхгүй. Одоогийн байдлаар иймэрхүү маягаар туршиж, хөгжүүлж байна, цаашдаа цүнхээ жил бүр update хийгээд шинэчлээд явах боломжтой байдлаар үндсэн функцүүдийг бүтээсэн. Жишээлбэл, энэ цүнхийг ашиглан сургуулиуд смарт сургууль болох боломжтой. Хүүхэд бүр ийм цүнхтэй болохоор тухайн сургууль руу хэдэн хүүхэд оров, гарав, аль ангид орсон, дүнгийн мэдээллийг нь ч гаргах боломжтой. Бүрэн автоматажсан, смарт сургууль болох боломж бүрдэнэ гэсэн үг.

-Эхний удаа хэчнээн цүнх дотооддоо худалдах төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Цүнх хийж байгаа компанитайгаа ярилцаад энэ 07 дугаар сар гэхэд 2000 цүнх гаргана. Намраас Сингапурт гаргахаар төлөвлөж байгаа.

Японы түншүүд жилд 200 мянган цүнх нийлүүлэх шаардлагатай гэж байгаа. Бид цүнхний загвараа эцэслэчихвэл үйлдвэрлэх ажилдаа орох бодолтой байна. Монголынхоо оёдлын үйлдвэрүүдийг нэгтгэн корпораци болгон бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлбэл 200 мянгыг нь зовохгүй гаргах боломжтой. Одоогийн хүчин чадлаараа арай барахгүй.

-Та электроникийн мэргэжилтэй хүний хувьд энэ салбарын хөгжлийг хэрхэн хардаг вэ?

-Би электроник, радио холбооны инженер мэргэжилтэй. Анх сургууль төгсчихөөд, “Датаком” гэж Монголын анхны интернетийн компанид, дараа нь Солонгос, Япон зэрэг улсуудад ажиллаж байсан. Ер нь би электроникийн чиглэлээр дагнасан нь миний амьдралын зорилго болчихсон гэх үү дээ. Үүнээс холдоод өөр ажил хийе гэхээр төсөөлөгдөмгүй. Миний хувьд энэ салбартаа амьдралаа зориулчихсан.

Энэ салбар манайд хөгжөөгүй болохоор сайн электроникийн инженерүүд наймаачин, худалдаачин хийгээд явж байна даа. Энэ талаар төр засгийн хэмжээнд ч сайн мэдлэггүй байдаг. Би Ерөнхий сайдын яриаг сонсож байтал “Өндөр технологийг хөгжүүлэхийн тулд асар их мөнгө шаардлагатай. бид чадахгүй, зүгээр л уул уурхайгаар мөнгө босгочхоод дараа нь өндөр технологи руу оръё” гэсэн. Гэтэл үгүй шүү дээ, өнөөдөр зүгээр л зэсийг боловсруулаад электроникийн түүхий эд хавтан хийгээд гаргах тийм үйлдвэр 2013 онд бидний тооцоогоор найман тэрбум төгрөгт багтаж байсан юм. Одоо долларын ханш өсчхөөд 12 тэрбум төгрөгт багтах уу үгүй юу болсон байна. Энэ 12 тэрбум төгрөгийг Монголын төр засаг гаргаж чадна шүү дээ, гэхдээ үүнийг гаргах хүсэлгүй, нөгөө талаараа үүнийг буруу ойлгоод байна. Нэг л их мөнгөөр хийдэг юм шиг бодоод байна, үгүй л дээ.

-Сүүлийн үед танай компаниас ямар шинэ бүтээгдэхүүн гаргав, энэ талаар сонирхуулаач?

-Манай “Малчин” компани хөдөөгийн малчдад сэргээгдэх эрчим хүчний системүүдийг зардаг. 3 жилийн өмнө АНУ-ын “Тeslа” компанийн “Powerwall” хэмээх нарын эрчим хүчний хураагуурыг гаргасан. Бид үүнийг дуурайн өөрсдийн загвараа гарган, БНСУ-аас Самсунгийн батарей бүхий нарны “Powerwall”-ыг Монголдоо угсарлаа. Энэ систем нь нарын эрчим хүчийг хуримтлуулан 220 вольтыг гаргах юм. Энэ нь хаа ч явсан телевизороо үзэн, гэрэл чийдэн гар утас, худгаа, хөргөгчөө ажиллуулах гэх мэт цахилгааны шийдлүүдээ хангах юм. Жилийн өмнөөс туршин, саяхнаас худалдаанд гаргасан, Эрэлт хэрэгцээ ч их байгаа.

Монголд бизнес хийхэд улс төрөөс хэт их хамааралтай, жижиг зах зээлтэй, хүмүүс нь тархай бутархай байрласан болохоор тээврийн зардал өндөртэй байдаг зэрэг хүндрэлүүд бий. Тиймээс сүүлийн жилүүдэд монгол дахь бизнесийг аль болох татгалзаж, харин ч монголдоо ямар нэгэн бүтээгдэхүүн хийж, гадагшаа гаргая гэж шийдсэн. Нэг хэсэг Японы зах зээлд камер гаргаж үзсэн. Үүний эцэст үйлдвэрээ Монголдоо байгуулъя, учир нь түүхий эд нь Монголд байна гэдгийг олж харсан. Ингээд 2013 оноос дөрвөн жил гаруй хугацаанд үйлдвэрээ барих гэж зүтгэсэн, энэ жил ямар ч байсан дуусахаар болоод байна.

Үйлдвэрлэл гэхээр өөрсдөө бүгдийг хийх юм шиг хүмүүс ойлгодог, харин дэлхийн үйлдвэрлэлийн хамгийн чанартайг цуглуулан угсарч нэг бүтээгдэхүүн гаргадаг. Энэ зарчмаар бид ажиллах бодолтой байгаа.

Д.Эрдэнэсувд

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.