Бизнесийн орчин хараахан хөгжөөгүй байна гэв

2018-06-26 Бизнес


Үндэсний хөгжлийн газар, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Японы олон улсын хамтын ажиллагааны “Жайка” байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газар, Ажил олгогч Эздийн холбоо зэрэг олон талын оролцоотой “Баялаг бүтээгчдийг дэмжих цогц бодлого, экспортын арга замууд” чуулга уулзалт өчигдөр болов.

Уулзалтыг нээж Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, Япон улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Масато Такаока мэндчилгээ дэвшүүлэн үг хэлж, Японы Олон улсын хамтын ажиллагааны “Жайка” байгууллагаас эхний илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Элчин сайд М.Такаока хэлсэн үгэндээ, хоёр орны хооронд хэрэгжиж буй Эдийн засгийн чөлөөт худалдааны хэлэлцээрийг урагшлуулж үр дүнтэй болгоход Монгол Улсын талаас төр, засгийн түвшинд ил тод, нээлттэй, түвэг чирэгдэлтэй байдлыг халах тал дээр хүчин чармайлт гаргаж, бизнес эрхлэгчдийн хувьд экспортод гаргах бүтээгдэхүүнийхээ чанар, стандарт, сав баглаа, боодолд анхаарах хэрэгтэйг онцлов.

Японы Олон улсын хамтын ажиллагааны “Жайка” байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газраас тавьсан илтгэлд, Монголд олон төсөл хөтөлбөр хэрэгждэг ч бизнесийн орчин хараахан хөгжөөгүй байна гэж дүгнээд, зээлийн мэдээллийн сан бүрдүүлэх, компанийн засаглалыг хөгжүүлэх, санхүүгийн үйлчилгээг сайжруулах, эдийн засгийн салбаруудыг төрөлжүүлэх талд цаашид хамтран ажиллаж байна гэлээ.

Одоогийн байдлаар тус байгууллагаас ЖДҮ-ийг хөгжүүлэх иенийн хөнгөлөлттэй зээлийн болон байгаль орчныг хамгаалах чиглэлээр хоёр үе шаттай төсөл хэрэгжүүлж байгаа юм.

Уулзалтад оролцогч орон нутгийн баялаг бүтээгчдийг дэмжих холбооны салбар зөвлөлийн төлөөлөгчид “Бизнесийн үйл ажиллагааны дунд, анхан шатанд лобби бүлгийг байгуулъя. Ингэхдээ хэлбэр талаас бус улс орон, нутаг орны хөгжлийн төлөө нэгдэхэд зөв талаас зохион байгуулж ажиллая. Орон нутагт аймаг, сумыг хөгжүүлэх сан гэх мэт хөрөнгийн эх үүсвэр, санхүүжилт байгаа боловч эрх мэдэлтэн дарга нарын танил тал, улс төрийн талцлаар явж, ажил хийж буй хүмүүст очихгүй байгааг шүүмжлэлээ.

МҮХАҮТ болон Баялаг бүтээгчдийн холбооны салбар зөвлөлүүд нэг зорилгын төлөө ажиллаж хүчээ нэгтгэе гэсэн саналыг уулзалтад оролцогчид хэлж байв.

Мөн уулзалтаас “Баялаг бүтээгчдийг цогц бодлогоор дэмжих ажлын хэсэг” байгууллаа.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.