Үндэсний үйлдвэрүүдээр зочилсон минь

2018-05-10 Made in Mongolia

Монгол Улсын Татварын ерөнхий газраас зохион байгуулж буй “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн хүрээнд “Сэтгүүлчдийн автобустай аялал” үндэсний шилдэг татвар төлөгч үйлдвэрүүдтэй танилцахаар явлаа. Манай автобусанд дүүргүүдийн Татварын хэлтсийн дарга нар болон ТЕГ-ын газар хэлтсийн дарга нар нэгдсэнээр сэтгүүлчдийн асуултад хариулах баг яг сайхан бүрдэв. “Баталгаат эх сурвалж”-аа хажуудаа суулгаад өдөржин “байцааж” явах боломж тэр бүр тохиодоггүй билээ. Аяллын эхний маршрут ТЕСО корпорацийг чиглэв.


Хүнсний экспортоор нэгдүгээрт жагссан ТЕСО корпораци

ТЭСО корпораци 15 жилийн хугацаанд 14 салбар компанитай болж, амжилттай яваа үндэсний үйлдвэрлэгч. Биднийг “Тэсо”корпорацийн дэд захирал Б.Алтангэрэл захирлуудынхаа хамт хүлээн авав.
Милко хуурай сүүний үйлдвэр болон бүтээгдэхүүний шинжилгээний лабораториор зочиллоо. Хуурай сүүний үйлдвэрийн төсөл нь 2012 оноос импортыг орлох үндэсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажлын хүрээнд эхэлжээ. Улмаар хоёр жилийн дараагаас дотоодын зах зээлийг бүрэн хангах, жилд 4000-7000 тонн хуурай сүү үйлдвэрлэх хүчин чадалтай дэвшилтэт тоног төхөөрөмж бүхий хуурай сүүний үйлдвэртэй болсон байна. Энэ цагаас яг дөрвөн жилийн дараа Казахстан улс, Хятад улсад Golden milk хуурай сүүгээ экспортолж эхэлсэн байна. Одоогоор хүнсний экспортоор нэгдүгээрт жагсах болж.
Тэд “МОНГОЛ ААРЦ” төслийг хэрэгжүүлэхээр ажлаа эхэлжээ. Одоогоор найман аймагт цех байгуулж, аарц боловсруулж, нөөцлөх, тээвэрлэхэд бэлтгэж байгаа аж. Шинэ бүтээгдэхүүн хүн амын нийтийн хэрэгцээг хангахаас гадна “Үдийн цай хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр Засгийн газарт хандаад байгаа аж. Мөн аарцаа хуурайшуулан Казакстан, БНХАУ-д экспортолсон байна. Цаашид экспортоо ихэсгэхийн тулд бичиг баримтнаас эхлээд татварын хөнгөлөлт зэргээр дэмжлэг их хэрэгтэй байгааг тус компанийн удирдлагууд ярьсан юм.

100 мянган ажлын байр бий болгох “Байшин үйлдвэрлэх комбинат”

“Эрэл” группийн Байшин үйлдвэрлэх комбинат жилдээ 250,000 м.кв бүхий ашигтай талбай үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Хот суурин барих тус үйлдвэрийн бүтээгдэхүүн дулаан алдагдалгүй, галд тэсвэртэй, газар хөдлөлтийг ажрахгүйн дээр нэг насны баталгаат сууц болж чадна гэж “Эрэл” ХХК-ийн ТУЗ-ийн Б.Эрдэнэт танилцуулгаа эхэлсэн юм.
Дөрвөн улирлын хугацаанд ажиллах боломжтой бүрэн автоматчилагдсан, орчин үеийн технологитой учраас үйлдвэрлэлийн бүх шат дамжлагыг компьютерээр бүрэн хянах аж. Тиймээс гэр хорооллын иргэд хороо, гудамжаараа нэгдэн чанарын баталгаатай амины сууц бариулах санаачлагыг эхлүүлмээр санагдав. Байгууллагууд зуслангийн газраа нэгдсэн загвараар байшин бариулах ч боломжтой юм. Нэг шоо дөрвөлжин метр талбайг нь 1,2 сая төгрөгөөр борлуулахаар тооцож байгаа аж. Та 48 мкв талбайтай байшин захиалахад 57.6 сая төгрөгөөр амины сууцтай болох юм. Нэг гэм нь тус үйлдвэр ганц, хоёр байшингийн захиалга авахгүй бөгөөд үйлдвэрийг хүчин чадлаар нь ажиллуулахын тулд их хэмжээний захиалга хэрэгтэй юм.
Энэ онд улсын төсвийн хөрөнгөөр барьж байгуулах сургууль, цэцэрлэгийг богино хугацаанд барих хүсэлтийг төрийн гурван өндөрлөгт илэрхийлсэн ч өнөөдрийг хүртэл нэг ч сургууль, цэцэрлэг барих зөвшөөрлийг олгоогүй байгаа гэв. Үйлдвэрийн зүгээс 150 хүүхдийн суудалтай цэцэрлэгийг сарын хугацаанд барьж өгөх хүсэлт тавьсан ч хариуд нь эхлээд өөрсдийн хөрөнгөөр барих саналыг сонсчээ. Мөн барьсны дараа өртгийн 30 хувийг энэ онд төсөв оруулсан гэсэн байна.

Тэрээр “Улсын төсвөөр барих сургууль, цэцэрлэгийг барьж байгуулахаар Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчтэй хэд хэдэн удаа уулзсан. Ядаж нэг сургууль, нэг цэцэрлэг барих зөвшөөрөл өгөөч гэх хүсэлт тавихад зөвшөөрсөн боловч барих 268 сургууль, цэцэрлэгээс нэг нь ч барих газар байхгүй гээд байгаа юм. Баталсан хөрөнгийн 3/1 өгөх, үлдсэн хувийг дараа жил өгнө гэж ярьсан. Эхлээд өөрийн хөрөнгөөрөө барь. Барьсны дараагаар 30 хувиа өгнө гэж байгаа. Ингэхээр яаж монгол компани үйл ажиллагаа явуулах вэ. Арилжааны банкнаас зээл аваад барихад маш их хэмжээний алдагдалд орно. Энэ асуудлыг шийдээд өгчихвөл манай үйлдвэр олон жил бариад байгаа 150 хүүхдийн суудалтай цэцэрлэгийг сарын дотор иж бүрнээр нь чанартай барих бүрэн боломжтой. 2018 онд баригдах бүх сургууль, цэцэрлэгийг хугацаанд нь чанартай барих хүчин чадалтай үйлдвэр юм. Гал, газар хөдлөлтөд тэсвэртэй, эрчим хүчний хэмнэлттэй барилгыг орчин үеийн технологиор чанартай барилгыг монгол үйлдвэр барих гэхээр төр засаг хойрго хандаж байна. Монгол үйлдвэр хэвийн үйл ажиллагаа явуулах хөрөнгийг шийдэж өгвөл орчин үеийн тохилог хорооллыг чанарын өндөр төвшинд барих боломжтой” хэмээн ярьсан. Түүний хэлж байгаагаар тус үйлдвэр ажиллаж эхэлснээр барилгын салбарт авлигын асуудал алга болж, мөнгө унагаах боломжгүй болох гэнэ. Тиймээс л улс төрчид үйлдвэрийн ажлыг дэмжихгүй байгаа тухай ярьсан юм.

100 мянган хүнийг ажлын байраар хангах тус үйлдвэр нийт 36 сая ам.долларын хөрөнгөө байгуулагджээ. Үйлдвэрээ 80 хувийн хүчин чадлаар ажиллуулбал дөрвөн жилийн хугацаанд зээлээ төлж барагдуулах тооцоо хийсэн байна. Тус үйлдвэр Хөгжлийн банкнаас Чингис бондын эх үүсвэр болон ОХУ-ын санхүүжилтээр 23 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн аж. Мөн тоног төхөөрөмжийн санхүүжилтэд зориулж Германы Комерц банкнаас 13 сая еврогийн зээл олгосон байдаг. Уг зээлтэй холбоотойгоор үйлдвэрийн дансыг хаасан байжээ. Харин Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн дарга Д.Бадам үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан даруйдаа хаасан дансыг нээж, татвартай холбоотой шүүхийн нэхэмжлэхийг буцаасан юм.

Мөн сэтгүүлчдийг ирэх арванхоёрдугаар сард Байшин үйлдвэрлэх комбинатад дахин зочилж, ямар үр дүнтэй ажилласныг сурвалжлахыг урьсан юм.

Өргөст хэмх, улаан лойлын импортыг 10 хувиар бууруулжээ


Бид дараа нь “Грийн сити гарден” компанийн “Мөнх зун” хүлэмжинд зочиллоо. Тус компанийн захирал Ж.Эрхэмбаяр ажлаа танилцууллаа. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Европ стандартаар баригдсан өвлийн бүрэн автомат шилэн хүлэмж олны анхаарлыг татаж байв. Өргөст хэмх, улаан лойлын ургацаа долоо хоногт гурван удаа хураадаг, хүйтний нөхцөлд тарих боломжтой, бүтэн жилийн турш ургац хурааж авах боломжтой аж. Жилдээ 40-50 тонн ургац хураадаг байна.

2015 оноос “Өвлийн хүлэмжийн цогцолбор”-ыг Европын холбооны стандарт, Нидерландын вант улсын технологиор тариалж эхэлжээ. Хамгийн гол нь импортын хараат байгаа дотоодын хэрэглээг дотоодын үйлдвэрлэлээс бүрэн хангах, сайн чанарын өндөр үр шимтэй хүнсний ногоог тариалан зах зээлд нийлүүлэх, эдийн засгийн үр ашигтай, дэвшилтэт технологи бүхий хүлэмжийн аж ахуйг эх орондоо хөгжүүлэхийг зорьж байгаа аж. Тус хүлэмж ургацаа зах зээлд нийлүүлснээс хойш улаан лойл, өргөст хэмхийн импорт 10 хувиар буурсан байна. Тус компани өнгөрсөн онд дүүргийн төсөвт  110 сая төгрөг  төвлөрүүлжээ.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.