Сургалтын шинэ хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо

2017-03-27 Нийслэл

Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн захирал Н.Наранбаатар нар  “Сувилахуйн цогц чадамж II” хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.

Тус үйл ажиллагаанд НЭМГ-ын харьяа байгууллагын удирдлагууд оролцсон бөгөөд эрүүл мэндийн салбарын сувилахуйн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар болсон юм. Сүүлийн жилүүдэд олон улсын сувилахуйн талаархи ойлголт, чиг хандлага нэлээд өөрчлөгдөж, анагаахын томоохон шинжлэх ухаан болон өргөжиж, шинэлэг санаа хийгээд  онол арга зүйгээр баяжигдан хөгжсөөр байна.

Шинжлэх ухааны үндэстэй, нотолгоонд тулгуурласан, үйлчлүүлэгчдэд ээлтэй сувилахуйн тусламж үйлчилгээг нэвтрүүлэх, сувилагч болон эмнэлгийн тусгай мэргэжилтний бие даасан сэтгэлгээг хөгжүүлэх, өөрсдийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх, сувилахуйн онол, дадлагын мэдлэгийг дээшлүүлэхэд НЭМГ-аас анхааран олон талт ажил зохион байгуулж буйн нэг нь энэхүү үйл ажиллагаа юм.

“Сувилахуйн цогц чадамж II” хөтөлбөрийн хүрээнд сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтний анхан шатны бичиг баримтын хөтлөлт, холбогдох тушаал, шийдвэрийн хэрэгжилтийг хангахад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайруулахаар зорьжээ. Тухайлбал, энэхүү сургалтаар дамжуулан Эрүүл мэндийн сайдын 2013 оны 450, 2014 оны 186 болон 187, 2015 оны 497 дугаар тушаалын хэрэгжилтийг хангуулах, сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтний халдвараас сэргийлэх талаархи мэдлэгийг сайжруулах, ёс зүй болон харилцаа хандлагыг дээшлүүлэх зорилготой юм байна.

Энэ талаар АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн захирал Н.Наранбаатар “Нийслэлийн эрүүл мэндийн газар болон түүний харьяа байгууллагууд, Эрүүл мэндийн яамны Сувилахуйн мэргэжлийн салбар зөвлөл, АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн зүгээс хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Сувилахуйн тусламж үйлчилгээг сайжруулж, үйлчлүүлэгчдэд чанартай, жигд хүртээмжтэй тусламж үйлчилгээ үзүүлэхэд сургалтын ач холбогдол оршиж байгаа юм.

Өнөөдрийн нөхцөл байдлаа бодитоор үнэлж, танхимаар өгсөн сургалт маань ажлын байран дээр хэрхэн хэрэгжиж байгаа болон түүнээс гарах үр дүнг судална. 2017 оны сүүлчээр энэ ажлын маань үр дүн, ахиц дэвшлийн талаархи тодорхой үзүүлэлт гарах юм. НЭМГ-ын хамтын ажиллагааны гэрээний дагуу хэрэгжүүлж байгаа ажлын маань нэгээхэн хэсэг нь энэ” хэмээн ярилаа.

Эрүүл мэндийн салбарын эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах, олон улсын түвшинд хүргэхэд салбар хоорондын хамтын ажиллагаа маш чухал бөгөөд нэн ялангуяа сувилахуйн тусламж үйлчилгээний чанарыг шинэ түвшинд гаргах нь нэн тэргүүний асуудал гэдгийг тэрбээр онцлон хэлсэн. Цаашид энэ чиглэлээр олон ажил хийхээр төлөвлөсөн бөгөөд үйл ажиллагааны эхлэл  нь энэхүү сургалт болж байна.

А.Уянга

Өнөөдрийн онч үг

14 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.