Хүнд эрүүл, тайван амьдрал мөнгөнөөс илүү чухал

2018-08-6 Сэтгэл зүйч хариулж байна

“…Өглөө эрт болоод ч тэр үү замын түгжрэл багатай, сайхан өглөө болж байна. Урд шөнө замд яваад нойр муутай хоносон болохоор бие хүнд оргиод, ядраад байх чинь. Түгжрэл багатай үед гялс жаахан халтуур хийчихээд харьж унтдаг хэрэг, гэхдээ нойр хүрэх болов уу. Ядраад байгаа мөртлөө сайхан унтаж чадахгүй юм, яая даа. Ингэхэд охиныхоо цэцэрлэгийн бэлтгэлийг хийх мөнгөө яаж олох вэ? Нуруугаар өвдөөд байдаг, за тэгж байгаад гайгүй болчих байлгүй дээ. Өнөөдрийнхөө орлогыг тушаачих юм сан” гэхчлэн түмэн бодолд дарагдсаар явлаа.

Өглөө хоосон гарсан тул цайны газар луу орж, хоёр хуушуур авч идчихээд ажилдаа үргэлжлүүлэн гарлаа. Гэнэт юу нь мэдэгдэхгүй дотор муухай оргиж, хүчтэй хатгуулж эхлэв. Өвчин намдаах эм аптекаас авч уучихаад цааш хөдөллөө…

Таксинд явж, амьдралаа залгуулдаг олон хүний амьдралд иймэрхүү дүр зураг ажиглагддаг. Тэд замын түгжрэл дунд ихэнх цагаа өнгөрөөнө. Ажил юм чинь хийх л болно. Гэхдээ хүнд эрүүл, тайван амьдрал илүү чухал.

Дараах шинж тэмдгүүд танд илэрч байна уу?

  • Нойр хүрэхгүй байх, унтсан ч дуу чимээ, гэрэлд хэт мэдрэг байх, эсвэл унтаад байгаа мөртлөө нойр ханахгүй, бие амарсан болохгүй байх
  • Санаа зовоосон асуудал ихтэй, шийдвэрлэх гарц байхгүй мэт санагдах, гутранги байх
  • Таагүй бодол санаа хөврөх, түгшүүрлэх
  • Амархан уцаарлаж бухимдах, биеэ барих чадвар сулрах
  • Ууц, нуруугаар хөших, ядарч сульдах
  • Өмнө нь төвөггүй хийдэг байсан ажлууд тээртэй санагдах
  • Мартамхай болох
  • Ходоод хямрах г.м.

Хэрэв эдгээр шинжүүд танд илэрч байвал биеийн болон сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарах шаардлагатай болсныг илэрхийлж байгаа хэрэг.

Яах ёстой вэ?

  1. Юуны өмнө эрүүл хооллож, хичнээн яарч байсан ч өглөөний цайгаа ууж хэвших хэрэгтэй. Өөрийн гэсэн сав, тагтай аяга авч явж байхад илүүдэхгүй. Болж өгвөл гэрийн хоолноос авч явах, шарсан, хуурсан хоол бага идвэл зүгээр.
  2. Хөдөлгөөний хомсдолд орохгүй байхыг хичээх. Зав гаргаж алхах, агаар салхинд гарч байх, хөнгөн дасгал хөдөлгөөн хийж байх нь их чухал.
  3. Гэр бүлдээ цаг зав гаргаж байх хэрэгтэй. Хүүхдүүдийнхээ өсөж том болж байгааг, хэрхэн хүмүүжиж, юу сурч байгааг мэдэхгүйгээр цаг хугацааг өнгөрөөх нь харамсалтай биш гэж үү.
  4. Санаа зовоож буй асуудлаа дотроо удаан тээж явалгүй, тухай бүрт нь шийдээд зохицуулаад явбал зүгээр байдаг. Асуудал удаан үргэлжлэх нь хүний биеийн дархлааг сулруулж, психосоматик өвчний шалтгаан болж болзошгүй.
  5. Эрт унтаж, эрт босож байх нь эрч хүчтэй, өөдрөг байхад тустай. Хэрэв нойрны асуудал удаан үргэлжилбэл та мэргэжлийн хүнд цаг алдалгүй хандах хэрэгтэй.

Эцэст нь, хүн эрүүл амьдралын хэв маягтай байж, амьдралын сайн сайхныг олж харах болно гэдгийг ямагт санаж яваарай.

ШУТИС, БУХС-ийн Сэтгэл зүйн төв, Д.Цогзолмаа (Ph.D)

 

Өнөөдрийн онч үг

6 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.