Тэтгэврийн нас, хэмжээнд өөрчлөлт ороогүй

2017-03-24 Мэдээ, мэдээлэл

“Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах төв”-д 2017 оны  гуравдугаар сарын 17-23-нд 398 иргэн хандаж, санал хүсэлтээ илэрхийллээ. Иргэдийн санал хүсэлтийн 33,4% буюу 133 санал хүсэлтийг тухай бүрт шуурхай хариу өгч ажилласан бол шийдвэрлэх шатанд хүлээгдэж байгаа 265 санал байна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт 157 иргэн, Сангийн яаманд 22, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд 19, Эрүүл мэндийн яаманд 10, Гаалийн ерөнхий газарт 9 иргэн тус тус хандаж, санал хүсэлт, өргөдөл, гомдол, талархлаа ирүүлжээ.

Тэтгэвэрт гарах нас, тэтгэврийн хувь хэмжээний талаар цөөнгүй иргэн асуулт ирүүлсэн бөгөөд үүнд “Тэтгэврийн насыг нэмнэ гэж яригдаад байгаа нь 2035 онд хүрэх хэмжээ юм. Түүнээс одоо тэтгэвэрт гарах дөхсөн иргэдийн хувьд гэнэт тэтгэврийн нас нь хойшлогдох асуудал биш.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуульд зааснаар нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 60 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.

Харин нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 нас хүрсэн эмэгтэй өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно. Хувь хэмжээний хувьд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь УИХ-ын 2015 оны 53 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого” (2015-2030), Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Мөн улс орны нийгэм, эдийн засгийн байдалтай уялдуулан тэтгэвэр нэмэгдүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлнэ” гэсэн хариулт өгчээ.

Түүнчлэн өнгөрөгч пүрэв гаригт буюу гуравдугаар сарын 23-нд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Үйлчилгээний нэгдсэн төвөөс санаачлан УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны ажлын алба, Засгийн газрын “Иргэд, олон нийттэй харилцах төв” болон НЗДТГ-ын холбогдох албан тушаалтнуудын хамтарсан уулзалт зохион байгууллаа. Уулзалтын үеэр Засгийн газрын “Иргэд, олон нийттэй харилцах төв”-өөс нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад шилжүүлж байгаа өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн шийдвэрлэлтийн байдал, анхаарах асуудлын талаар ярилцсан юм. Мөн тус төвд ирсэн санал хүсэлтийн ихэнх хувийг нийслэлтэй холбоотой асуудал эзэлдэг учраас ажлын уялдаа холбоог хэрхэн сайжруулах талаар санал солилцов. 2017 он гарсаар Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад 5600 орчим өргөдөл, гомдол ирээд байгаагийн 1195 нь Засгийн газрын “Иргэд, олон нийттэй харилцах төв”-өөр дамжин иржээ. Эдгээрээс 1005 өргөдөл, гомдол, санал хүсэлтийг шийдвэрлэсэн байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.