ГОВЬ-АЛТАЙ: Залуу сонгогчдод сонгуулийн талаарх мэдлэг олгов

2023-05-16 Говь-Алтай

Залуу сонгогчдод сонгуулийн талаарх мэдлэг, боловсрол олгох “Хариуцлагатай сонгогч” сургалт Алтай хотод боллоо.

Сонгуулийн ерөнхий хорооноос НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй залуу сонгогчдод сонгуулийн талаарх мэдлэг, боловсрол олгох “Хариуцлагатай сонгогч” сургалтыг Говь-Алтай аймагт тавдугаар сарын 13-14-нд зохион байгуулсан юм.

Тус сургалтыг орон нутгаас бэлтгэгдсэн сургагч багш нар зохион байгуулсан бөгөөд МСҮТ-ийн болон Есөнбулаг сумын дөрөвдүгээр сургуулийн нийт 25 суралцагч хамрагдаж сонгуулийн талаарх цогц мэдлэг, ойлголттой болов.

Сургалтыг хөтөлбөрийн дагуу 3 модулийн 9 хичээлийн хүрээнд сонгууль гэж юу болох, сонгох, сонгогдох эрх, сонгуулийн зарчим, сонгуульд оролцогч талууд, сонгуулийн мөрийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийх, сонгуулийн ухуулга, сурталчилгаа, хариуцлагатай сонгогч сонгуулийн өмнө, өдөр, дараа юу хийх талаар ойлголт мэдээллийг өгч, сэдэлжүүлэх болон мэдлэг бататгах дасгалыг багаар ажиллуулах, дүрд тоглуулах, хэлэлцүүлэг өрнүүлэх, галерей байгуулах зэрэг арга хэлбэрээр өрнүүлсэн байна.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.