Хүүхдийн төлөө сайн дурын байгууллага болох Хүүхдийн төлөө фондын хөрөнгө хуримтлуулах Монгол туургатан оддын теле тоглолт арванхоёрдугаар сарын 30-ны 18.00 цагт телевизүүдээр шууд хүрнэ. “Монгол соёл-Монгол хүүхэд” тоглолтод монгол туургатан одод нэгдэж буй бөгөөд олон нийтээс хандив хуримтлуулан цаашид Хүүхдийн төв номын сан, Хүүхэлдэйн театрын бүтээн байгуулалтыг эхлүүлэх юм. Түүнчлэн хүүхдийн хүмүүжил, соёл боловсрол олгох байгууллагуудыг бэхжүүлэх, нөлөөллийн үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөж байна.
Өнгөрсөн зуунд Юмжаагийн Цэдэнбал агсны гэргий Анастасия Цэдэнбал Филатова Монголын ард түмний ирээдүй хойч, үр хүүхдүүдийн төлөө ухамсарт амьдралаа зориулж, 1972 онд “Хүүхдийн төлөө фонд”-ыг байгуулан хот хөдөөгүй олон тооны цэцэрлэг, сургууль, эмнэлэг, хүүхдийн зуслан, хуримын ордон гэх мэт бүтээн байгуулалт хийсэн түүхтэй. Өдгөө ч Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор, Гэрлэх ёслолын ордны үйл ажиллагаа үргэлжилсээр байна.
Монгол Улсын Соёлын яамны санаачлагаар “Хүүхдийн төлөө фонд”-ын үйл ажиллагааг дахин сэргээн https://childrensfund.mn/donate вебсайтаар нээлттэй хандив цуглуулж байгаа аж.