Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 215 дугаар тушаалаар тухайн онд тусгай зориулалтаар агнах, барих амьтны тоо, хэмжээ, зүйлийг баталсан.
Тус тушаалаар Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрээс 8 угалз, 27 тэх, 5 халиун буга, 8 зэгсний гахай агнахыг зөвшөөрсөн аж. Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2023 онд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнах, барих загасны дээд хязгаарыг 15 тонн байхаар тогтоосон байна.
Иймд аймгийн ЗДТГ-аас тусгай зориулалтаар агнуурын амьтад болон загас агнах, барих зөвшөөрөл олгох цахим дуудлага худалдааг зохион байгуулахаар зарлаад байна. Тус дуудлага худалдаагаар 4 толгой Алтайн угалз (Ovis ammon), 15 тонн Алтайн сугас загас, 6 толгой зэгсний зэрлэг гахай (Sus Scrofa) агнах зөвшөөрөл өгнө.
Аймгийн ЗДТГ-аас өгсөн мэдээллээр 1 толгой Алтайн угалзын босго үнэ 4 сая 440 мянга, зэгсний гахай 1 сая 133 мянга, 1 ширхэг Алтайн сугас загас 3 мянган төгрөгийн үнэтэй байна.
Дуудлага худалдааг энэ сарын 28-ны өдөр зохион байгуулна.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.