БАЯН-ӨЛГИЙ: Ислам шашинтнуудын ариун “Хурбан айт” баяр өнөөдөр эхэлж байна

2023-06-28 Баян-Өлгий

 

Дэлхийн мусульманчуудын хоёр дахь том баяр болох “Хурбан айт” баяр өнөөдрөөс эхэлж байна.


“Хурбан” нь “Аллах бурханд ойртох”, “айт” гэдэг нь “эргээд ирсэн баяр баясгалаар дүүрэн өдөр” гэсэн утгатай. Баяр нийтдээ гурван өдөр үргэлжлэх бөгөөд шариатын хуулиар боломжийн амьдралтай мусульман хүн болгон хонь, ямаа, үхэр, тэмээ зэрэг салаа туурайтай малаар Аллах тэнгэрт өргөл барьж, махыг нь бусадтай хуваалцах, ядуусыг зооглуулах зарчимтай. Энэ өдрүүдэд мечетүүдэд /шашны сүм/ ч хурбааны мал гаргадаг.

Тус баяр нь энх тайван, эв нэгдэл, аз жаргалыг билэгддэг ба баячууд ядуусын дунд хайр хүндэтгэл авчирдаг гэлцдэг.

Монголын казахууд нь ислам шашин шүтдэг бөгөөд 1990 оноос “Хурбан айт” баяраа сэргээн тэмдэглэх болжээ. Энэ жил тус баяраар Монголын Мусульманы нийгэмлэгээс Турк Улсын “Улаан хавирган сар” байгууллагатай хамтран 5 мянган бог мал гаргаж, махыг нь амьжиргааны түвшин доогуур айл өрхүүдэд тусламж болгон тараах аж.

Мөн бусад төрийн бус байгууллага, иргэд ч өөрсдийнхөө нөөц бололцоогоор өргөл барьж, иргэдэд тусламж үзүүлэхээр төлөвлөж байна.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.