Монгол орны махан идэшт үлэг гүрвэл дромеозаврид

2019-06-24 Амьтан

Америкийн Байгалийн Түүхийн музейн Төв Азийн хээрийн шинжилгээний анги Монголын говьд явуулсан хайгуулын үеэр нэгэн жижиг махан идэшт үлэг гүрвэлийн олдворыг Өмнөговь аймгийн Булган сумын нутаг Хожуу цэрдийн Баян загийн олдворт газрын Джадохтын настай улаан элсэн чулууны үеэс олж, Velociraptor mongoliensis Osborn, 1924 хэмээн шинэ төрөл зүйл болгон тодорхойлж байжээ.

Монголын баруун өмнөд хэсэг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Хожуу цэрдийн баруунгоёотын настай Хулсан олдворт газраас 1970 онд Монгол-Польшийн хамтарсан палеонтологийн хээрийн шинжилгээний ангийн нэгэн өвөрмөц тавхайн яс олжээ. Ихээхэн дутмаг энэхүү материалын тавхайн ясуудыг Дромеозавридтай харьцуулан хэмжилт хийхэд ойролцоо байсан учир энэ бүлэгт хамааруулан Хулсанпес перлей (Hulsanpes perlei Osmolska, 1983) гэж тогтоосон байдаг. Үүний дараагаар, Монголын баруун өмнөд хэсэг Баянхонгорын аймгийн Баянговь сумын Хожуу цэрдийн Бүгийн цавын олдворт газрын Нэмэгтийн насны давхаргадсаас бүрэн бус толгой болон хүзүү, нуруу, сүүлний үеүд, дал, аарцаг, суудал яс, умдаг яс, дунд чөмөг, нарийн бүдүүн шаант, тавхайн яс, хурууны үеүд хумс зэргээс бүрдсэн их биеийн хэсгүүдэд тулгуурлан академич Р. Барсболд Адазавр монголйенсис (Adasaurus mongoliensis Barsbold, 1983) хэмээх шинэ төрөл зүйлийг тодорхойлсон байна.

Монголын баруун өмнөд хэсэг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Хожуу цэрдийн баруунгоёотын настай Хулсан олдворт газраас 1970 онд Монгол-Польшийн хамтарсан палеонтологийн хээрийн шинжилгээний ангийн нэгэн өвөрмөц тавхайн яс олжээ.

Мөн манай орны зүүн өмнөд хэсэг Дорноговь аймгийн Зүүнбаян сумын хожуу Цэрдийн Баянширээгийн настай Бурхантын олдворт газраас 1989 онд Монгол-Оросын (Зөвлөлт) хамтарсан палеонтологийн хээрийн шинжилгээний анги толгойн ясны шанааны хэсэг, бүрэн бус хүзүү, нуруу, сүүлний үеүд, аарцаг яс, умдаг яс, суудал яс, дунд чөмөг, нарийн бүдүүн шаант, тавхайн яс, хурууны үе, хумс зэрэг олдворыг олж, малтлага хийсэн байна. Уг олдвор нь Монголоос олдсон төрлүүд дотроо хэмжээгээр харьцангуй том бөгөөд үүнд нь тулгуурлан 1999 онд доктор А. Пэрлээ Ахиллобатор гигантикус (Achillobator giganticus Perlei,1999) хэмээх шинэ төрөл зүйл тодорхойлжээ. Дромаеозаврид үлэг гүрвэлийн овгийнхон бүтэц зүйн шинжээрээ махан идэшт хэв шинжийг маш тод харуулдаг.

Тэдгээрийн хойд хөлийн 2-р хурууны атийж сунгагдах хөдөлгөөн гүйцэтгэх чадвартай хадуур хэлбэрийн хэмжээний хувьд том “Махчин” хумс нь үлэг гүрвэлийн дайрч довтлох хүчин чадал, дайралтын хор уршиг их хүчтэй байсныг харуулж байгаа юм. “Махчин” хумсны ясан үе нь тавхайн ердийн гишгэгч хурууны хумсан үеийнхээс 2-2.5 дахин илүү хүчтэй байсан байна. Үлэг гүрвэлийн ийнхүү хумсан үеийн гадуур нь эвэрлэг бүрхүүл үүсгэж, үйл ажиллагааны хувьд жинхэнэ хумсыг бий болгодог байсан байна. Энэ эвэрлэг хумс нь ясан ул сууриасаа хэд дахин том байж болохыг өндгөө дарж суусан Овирапторид үлэг гүрвэлийн эвэрлэг хумсны үлдэгдэл баттайгаар харуулж байдаг. Уг жишгээс авч үзэхэд, эвэрлэг хумс нь ясан ул сууриасаа 3-4 дахин илүү урт байсан байжээ.

“Махчин” хумс нь үлэг гүрвэлийн дайрч довтлох хүчин чадал, дайралтын хор уршиг их хүчтэй байсныг харуулж байгаа юм.

Тэгвэл Велоцираптор маягийн жижгэвтэр, махан идэштний “махчин” хумсны эвэрлэг бүрхүүл нь уртаашаа 0.25 – 0.30 м хүртэлх хэмжээтэй байсан байж, уг махан идэштний нийт биеийн уртын хэмжээ нь 1, 5 м-ээс илүү их гарч байгаагүй нь илэрхий юм. “Махчин” хумс нь биеийн уртын 15-20 % эзэлж байсан нь уг махан идэшт үлэг гүрвэлүүд улиран хувьслынхаа явцад дайралт довтолгооны ер бусын маш хүчит зэвсэглэлтэй болж ирснийг харуулж байгаа юм. Эдгээр махан идэштнүүд ан агнахдаа, зарим судлаач нарын санаагаар \Maxwell and Ostrom, 1995\ чоно шиг сүргээрээ хөөж гүйцэж, дайрч довтолж байсан бололтой. Дээр нь “махчин” хумсаараа хөнөөх чадвартай байсныг нь нэмвэл, уг үлэг гүрвэлүүд шиг өөртөө идэш олох талаар довтолго зэвсэглэлээр маш сайн хангагдсан, амь зуухын төлөө тэмцэлд амжилт олох, өрсөлдөх маш их чадвартай махан идэштнүүдийн хэмжээнд хүрч байсан байна.

Б.Сүрэн

Өнөөдрийн онч үг

16 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.