Шүлхийн вакцины эхний тунг 11 дүгээр сард багтаан гаргахыг зорьж байна

2 цагийн өмнө Мэдээ, мэдээлэл

“Биокомбинат” ТӨХХК малын шүлхий өвчний вакцины эхний тунг 11 дүгээр сард багтаан гаргахыг зорьж байгааг ХХААХҮЯ мэдээллээ.

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат “Биокомбинат” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бямбасайхан, Үйлдвэрлэл, технологийн албаны дарга Б.Дуламсүрэнг хүлээн авч уулзан, компанийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, менежментийг нь оновчтой болгох, дотоодын вакцины үйлдвэрлэлийг нэмэх үүрэг, чиглэл өгөв.

Манай улс шүлхий, бог малын мялзан, үхрийн арьс товруутах зэрэг малын халдварт өвчнөөс сэргийлэх вакцин импортлоход 2021–2025 онд 70 тэрбум гаруй төгрөг зарцуулжээ. Иймд вакцины импортын хамаарлыг багасгахаар “Биокомбинат” ТӨХХК-ийг түшиглэн бог малын мялзан өвчнөөс сэргийлэх вакциныг шинээр үйлдвэрлэх, шүлхийн вакциныг холих, савлах технологи нутагшуулж байна. ХХААХҮЯ-ны дэргэдэх ажлын хэсэг ОХУ, БНХАУ-ын томоохон лабораторитой хамтран вакцины эхний тунг 11 дүгээр сард багтаан гаргахыг зорьж байгаа бөгөөд хээрийн туршилтыг энэ сард хийх ажээ.

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат, “Шинэ вакцины тун гаргах, үйлдвэрлэлд нэвтрүүлэхийг цаг хугацаанд нь шахаж, шуурхай зохион байгуулах шаардлагатай. Мөн ямааны годрон өвчний вакциныг технологийн дагуу чанартай үйлдвэрлэх, компанийн менежментийг зөв голдиролд оруулж, дотоодын вакциныг зах зээлийн эрэлтэд нийцүүлэхэд анхаарах”-ыг даалгалаа.

“Биокомбинат” ТӨХХК-ийг 1923 онд байгуулж, 1973 онд Унгарын техник, эдийн засгийн тусламжаар иж бүрэн цогцолбор үйлдвэр болгон шинэчилжээ. Засгийн газрын 2020 оны тогтоолоор ТӨХХК болсон тус үйлдвэр 4 алба, 15 цех, 198 ажилтантай үйл ажиллагаа явуулж, мал амьтны вакцин, оношлуур зэрэг 46 нэр төрлийн бүтээгдэхүүн гарган, жилд 135 мянган литр шингэн, 31 сая тун хуурайшуулсан вакцин үйлдвэрлэж байна.

Өнөөдрийн онч үг

7 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.