Д.ДАВАА-ОЧИР: Санал өгөх иргэдэд 3 хоногийн цалинтай чөлөө олгохоор аж ахуйн нэгж, байгууллагыг нь үүрэгжүүлэх саналыг тусгасан

5 цагийн өмнө Улс төр

 

Сонгуулийн ерөнхий хорооны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очиртой ярилцлаа.

-Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийн бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?

-Аймаг, нийслэлийн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9-д “Орон нутгийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийг жил бүрийн 6 дугаар сарын гурав дахь долоо хоногийн Ням гарагт улс даяар нэгдсэн журмаар явуулна.” гэж хуульчилсны дагуу зургаадугаар сарын 21-ний өдөр болно. Сонгуулийн ерөнхий хороо мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах чиг үүргийнхээ хүрээнд таван чиглэлээр 44 ажил төлөвлөөд хуулийн хугацаанд хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, сонгууль товлон зарлах, сонгуулийн хороо байгуулах, байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах хүний нөөц бүрдүүлэх зэрэг асуудлаар иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тухай бүр мэдээлэл, зөвлөмж хүргүүлж байна. Аймаг, сумын сонгуулийн хороод байгуулагдахаар манай албан хаагчид томилолт, цахимаар сургалт зохион байгуулахаар бэлтгэлээ хангасан. Үүнээс гадна сонгогчдод мэдээлэл хүргэх, сургалт зохион байгуулах, идэвхжүүлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа.

УРЬДЧИЛСАН ДҮНГ СИСТЕМЭЭР ДАМЖУУЛЖ СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ЦАХИМ ХУУДСААР МЭДЭЭЛНЭ

-Сонгуульд ажиллах төрийн албан хаагч болон нам эвсэл, нэр дэвшигч, тэдний багийн бүртгэл мэдээлэл Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиас эхлэн цахимжсан гэж ойлгосон. Нөхөн сонгуулиар ч энэ жишгээр явах уу?

-Сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой өгөгдөл, бүртгэл, мэдээлэлд төрийн байгууллага, нам эвсэл, нэр дэвшигч, сонгуулийн байгууллагын ажилтнууд “Сонгуулийн мэдээллийн цахим сан” (https://e-election.mn/) цахим систем ашиглаад хэвшсэн. Цаг хугацаа болоод цаас эд материалын багагүй хэмнэлт гарсан тооцоо гарсан. Хэмнэлтээс гадна маш их дата мэдээлэл, архив үлдээдэг, түүнийгээ ашиглахад хялбар болгодог. Дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн байдлаар байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллахаар 55661 төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагч цахим системд бүртгүүлэн сургалтад хамрагдсан. Цахимаар сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан 37977 төрийн албан хаагчид нөөцөд бүртгэлтэй байна.

Цаг хугацааны хуваарьт зааснаар нам эвсэл, нэр дэвшигч, түүний шадар туслагч, ухуулагч зэрэг сонгуульд оролцогчийн бүхий л бүртгэлийг https://e-election.mn/ цахим системээр хийдэг. Цаашлаад санал авах байр, ашиглагдах санал тоолох төхөөрөмж, зөөврийн хайрцгаар санал авах чиглэл, хуваарь гээд зохион байгуулалттай холбоотой бүртгэл, мэдээлэл ч цахимжсан. Цахим системийг хөгжүүлэлтийг хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төв холбогдох байгууллагуудтай хамтран байнга хийж байгаа. Систем ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбоотой журмыг өнгөрсөн гуравдугаар сард баталсан. Журамд системд ямар албан тушаалтан, ямар эрхийн хүрээнд нэвтрэх, ашиглах, аюулгүй байдлыг хангах талаар тодорхой тусгаж, үйл ажиллагааг нь зохицуулсан.

-Сонгуулийн дүнг энэ системээрээ дамжуулах уу?

-Урьдчилсан дүнг системээр дамжуулж Сонгуулийн ерөнхий хорооны цахим хуудсаар мэдээлээд хэвшсэн. Энэ удаад ч тэр жишгээрээ явна. Хуульд зааснаар тухайн шатны сонгуулийн хороо хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэр гаргаж, нийтэд мэдээлдэг.

АЙМАГ, СУМДЫН НОМЫН САНГААР ДАМЖУУЛЖ, СУРГАГЧ БАГШ НАР СОНГУУЛИЙН БОЛОВСРОЛ ОЛГОНО

-Жил бүр нөхөн сонгууль болдог. Ихэвчлэн ямар шалтгаанаар нөхөн сонгууль зарлах нөхцөл үүсэж байна вэ?

-Энэ жилийн тухайд 16 аймгийн 43 сумын нийт 73 сонгуулийн хэсэгт нөхөн сонгууль явуулахаар тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал товлон зарласан. Үүнээс 5 аймгийн 9 сумын 29 хэсэгт нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 мандатад нөхөн сонгууль, 15 аймгийн 33 сумын 44 хэсэгт нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 39, нийт 48 мандатад нөхөн сонгууль болно. Нөхөн сонгууль явагдах болсон нөхцөл байдлыг авч үзвэл нас барсан 14, хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт гаргасан 2, гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхээр тогтоогдсон 6, тухайн орон нутгаас шилжсэн 2, төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон 6, төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон шийдвэр хүчингүй болсон 3, өөр шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон 15 зэрэг шалтгаанаар төлөөлөгчийн бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болсон байна.

-Сонгогчид ээлжит сонгуульд илүүтэй ач холбогдол өгөөд байх шиг санагддаг. Нөхөн сонгуульд сонгогчдын ирц, оролцоо хэр байдаг бол?

-Сонгуулийн ерөнхий хороо сонгогчдын ирцийг насны бүлэг, хүйсээр нь сонгууль бүрийн дараа судалж, дата мэдээлэлд тулгуурлан ажлаа төлөвлөдөг. Тоон мэдээллийг энгийн, ойлгомжтой хүргэх зорилгоор “Тунгаахуй өгөгдлийн урлан”-тай хамтран дүрслэл хэлбэрээр үзэсгэлэн гаргаад хэвшсэн.

Энэ жил нөхөн сонгууль товлон зарласан хэсгийн хороодын сонгогчдын ирцийг орон нутгийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн ирцийн судлахад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ирц 62.5 хувьтай, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ирц 61.5 хувьтай байсан. Насны ангиллаар нь бүлэглэхэд 18-25 насны сонгогч хамгийн бага буюу 33.3 хувь, 65-аас дээш насныхан хамгийн идэвхтэй буюу 79.2 хувийн ирцтэй байжээ. Нөхөн сонгууль товлон зарласан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн сонгогчийн тоо 17301, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн сонгогчийн тоо 31485 байна. Эдгээр сонгогчдын ирцийг ээлжит сонгуулийн үеийнхээс бууруулахгүй, өсгөх зорилгоор аймаг, сумдын сонгуулийн хороодтойгоо хамтран сум, баг бүрд хүрч сургалт, мэдээлэл хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Тоон мэдээллээс гадна Сонгуулийн ерөнхий хороо өнгөрсөн онд орон даяар сонгогчдын зан төлөвийн судалгаа хийсэн. Судалгааны дүнгээс харахад, залуу сонгогчид санал авах байрны талаарх төсөөлөл бага байгаа тухай, сүрддэг гэх мэт хариултыг өгсөн байна.

Ирцийн дүн, сонгогчдын зан төлөвийн судалгааны дүгнэлтээс харахад сонгогчдод сонгуулийн боловсрол олгох, шинэ болон залуу сонгогчид илүү хүрч ажиллах шаардлага байна. Тиймээс анх удаа сонгууль өгч байгаа залуу сонгогчдыг идэвхжүүлэх, сонгуулийн боловсролыг нь дээшлүүлэх чиглэлээр багагүй эхлүүлсэн.

-Тухайлбал?

-Үндэсний номын сан, Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран ажиллах Санамж бичгийн хүрээнд Үндэсний номын санд Ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч баригч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит “Сонгуулийн боловсрол, эрх зүйн уншлагын танхим” өнгөрсөн оны 10 дугаар сард нээж, сонгуулийн байгууллага, хууль эрх зүй, сонгуулийн дата мэдээлэл авах сонгогч болон сонгуулийн эрх зүйг судалж байгаа оюутан, судлаачдад нээлттэй болсон. Номын сангаар дамжуулж сонгуулийн боловсрол олгох үйл ажиллагаагаа өргөжүүлэн 21 аймаг, бүх сумдын номын санд “Сонгогчийн булан” ажиллуулж эхэллээ. Номын сангийн ажилтнуудыг “Хариуцлагатай сонгогч” хөтөлбөрийн сургагч багшийн сургалтад хамруулж байгаа. Ингэснээр хот, орон нутагт номын сандаа очоод сонгуулийн холбогдолтой ном, товхимол уншихаас гадна дата мэдээлэл авах, сонгуулийн боловсрол дээшлүүлэх сургалт, мэдээлэл авах боломж бүрдсэн.

-Орон нутагт номын сангаар дамжуулан сонгуулийн боловсрол олгоно гэж үү?

-Сонгуулийн боловсрол олгох чиг үүргийг зөвхөн Сонгуулийн ерөнхий хороо хэрэгжүүлэх нь учир дутагдалтай. Сонгуулийн боловсрол олгох үйл явц байнгын байх ёстой. Гэтэл орон нутагт зөвхөн сонгуулийн үеэр байнгын бус ажиллагаатай сонгуулийн хороод байгуулагдаад хуулийн хугацаа дуусахаар татан буугддаг. Бусад үед сонгуулийн боловсрол олгох үйл явц зогсонги болдог. Сонгууль бүрийн дараа сонгуулийн хороодоос орон нутагт сонгуулийн боловсрол олгох байнгын ажилтан шаардлагатай байна гэдэг санал гаргадаг. Сум, баг, хорооны сонгогч бүрд сонгуулийн боловсрол тогтмол олгохоор бид төрийн болон төрийн бус байгууллагатай хамтраад олон улсын байгууллагуудад төсөл хөтөлбөр боловсруулаад ажиллаж байгаагийн нэг нь Үндэсний номын сантай хамтарсан ажил. Үүнээс өмнө НҮБ-ын төслөөр нийслэл, орон нутагт “Хариуцлагатай сонгогч” хөтөлбөр хэрэгжүүлээд есөн дүүрэг, 21 аймагт сургагч багш бэлтгэсэн. Багш нар маань аймагтаа залуу сонгогчдод сонгуулийн боловсрол олгох “Хариуцлагатай сонгогч” сургалт зохион байгуулаад хэвшсэн. Өнгөрсөн онд гэхэд Сонгуулийн ерөнхий хороо сургагч багш нартайгаа хамтраад нөхөн сонгууль зохион байгуулсан аймгуудад залуу сонгогчдод сургалт зохион байгуулсан. Одоо номын сангийн ажилтнууд сургагч багш болсноор Хариуцлагатай сонгогч хөтөлбөр өргөжиж байна гэсэн үг. Номын сангийн ажилтнууд туршлагатай багш нар. Номын өргөөнд номын санчид маань сонгуулийн боловсрол олгож эхэлж байгаа учраас үр дүнг тун нааштайгаар гарна гэж харж байгаа.

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО СУРАГЧ, ОЮУТНУУДЫГ УРЬЖ БАЙНА

-Сонгуулийн боловсрол олгох сургалтын хөтөлбөрийг ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт оруулах боломжтой юу. Ихэнх улс, орнууд дунд сургуульд байхаас нь сонгуулийн боловсрол олгодог.

-Бид энэ чиглэлээр холбогдох яаманд албан ёсоор хүсэлт хүргүүлсэн. Албан хүсэлтээс гадна бид ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, их дээд сургуулийн оюутнуудыг цахим хуудас, олон нийтийн сүлжээгээр нээлттэй урьж байгаа.

Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн боловсрол олгох, залуу сонгогчдыг бэлтгэх, байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагын ажилтнуудыг мэргэшүүлэх, нам, эвслүүдэд мэдээлэл өгөх чиглэлээр зургаан төрлийн сургалтын хөтөлбөр хэрэгжүүлдэг. Манай ажилтнууд бүгд сургагч багшаар бэлтгэгдсэн боловсон хүчин. Хэрэглэгчдээсээ хамаараад заах арга барил, хэрэглэгдэхүүн, агуулга өөр өөр. Тухайлбал, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, их дээд сургуулийн нэг, хоёрдугаар курсийн оюутнуудад зориулсан “V-check” сургалтын хөтөлбөр хэрэгжүүлдэг. Ерөнхий боловсролын аль ч сургуулиас хүсэлт тавьсан бид Сонгуулийн ерөнхий хорооны байр, Үндэсний номын сан дахь танхимдаа хөтөч ажиллуулж хүлээн аваад үйл ажиллагаагаа танилцуулдаг. “Сонгуулийн хөтөч” ажилтан маань зочдоо угтаад сонгуулийн байгууллагын ажилтнууд юу хийдэг, яаж ажилладгийг нэгд нэгэнгүй танилцуулж, сонгуулийн тогтолцоо, эрх зүйн талаар мэдлэг олгох сургалт зохион байгуулаад хэвшсэн. Мөн санал тоолох төхөөрөмжийн үйл ажиллагааг дэлгэрэнгүй танилцуулаад сонгуулийн санал хураалт (mock election) зохион байгуулж, сургалтын саналын хуудас уншуулах зэргээр туршилт хийх боломжоор ч хангадаг.

Ер нь Сонгуулийн ерөнхий хороо бүх талаар нээлттэй, нэг сонгогчид ч гэсэн санал тоолох төхөөрөмжөө танилцуулах, сонгуулийн боловсрол олгох чиглэлээр ажилладаг. Үүнээс гадна сонгуулийн эрх зүйг хөгжүүлэх, сонгогчдод боловсрол олгох зорилгоор эрхлэн гаргадаг “Сонгуулийн боловсрол” онол, арга зүйн сэтгүүлийг маань Шинжлэх ухааны академи академик сэтгүүлийн жагсаалтад оруулсан.

Жил бүрийн хавар, намар зохион байгуулдаг “Номын баяр”-т оролцож санал тоолох төхөөрөмжөө танилцуулаад сонгуулийн боловсрол дээшлүүлэх ном, товхимлоороо үйлчилж, цаг үеийн мэдээ мэдээлэл өгөөд хэвшсэн. Ээлжит сонгуультай жил бүх аймагт, нөхөн сонгууль болох аймгуудад тухайн жил байгуулагдсан сонгуулийн хороод “Номын баяр”-т оролцоод сонгогчдод мэдээ, мэдээлэл хүргэдэг. Энэ жилийн тухайд нөхөн сонгууль товлон зарласан 16 аймгийн сонгуулийн хороо, номын сантайгаа хамтран “Номын баяр”-т оролцох арга зүйн зөвлөмж өгсөн.

СОНГУУЛИЙН БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ТӨСЛИЙГ УИХ-Д ХҮРГҮҮЛСЭН

-Техник технологи хөгжихийн хэрээр баталгаатай бус мэдээлэл сонгуулийн үеэр тархах, тэр нь сонгогчдод нөлөөлөх эрсдэлтэйг олон улсын түвшинд ярьж анхааруулж байна. Хариуцлагатай, хэрсүү сонгогч бэлтгэхэд сонгуулийн боловсрол нэн тэргүүний ажил. Та сонгуулийн боловсрол олгох нь зөвхөн сонгуулийн байгууллагын ажил биш гэж тодотгосон. Сонгуулийн боловсролыг өргөн хэмжээнд олгохын тулд яах ёстой бол?

-Олонх улс орнуудад сонгуулийн төв байгууллагын дэргэд сонгуулийн боловсрол олгодог тусдаа бүтэцтэй байдаг. Сонгуулийн боловсрол олгох нь улс орнуудад үндэсний хэмжээний ажил болчихсон. Нам эвсэл, төр, хувийн хэвшлүүд бүгд энэ чиг үүргийг хэрэгжүүлдэг. Солонгос, Энэтхэг зэрэг улсуудын сонгогчдын боловсролыг дээшлүүлэх чиглэлээр байгуулагдсан байгууллагууд нь сургалт, мэдээлэл өгөх үйл ажиллагааг өөрийн улс орондоо хэрэгжүүлэхээс гадна, гадаад улс орны байгууллагуудтай хамтран ажиллаж туршлага солилцдог.

Сонгуулийн ерөнхий хороо Сонгуулийн боловсролын үндэсний хөтөлбөрийн төсөл, үүнтэй уялдуулан Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах саналаа Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлсэн.

-Хүний эрхийн үндэсний комисс Комиссын Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлдээ сонгох, сонгогдох эрхийг бүлэг болгон оруулсан. Энэ илтгэлд гадаад улсад амьдарч байгаа болон оршин суугаа хаягаасаа өөр газар байгаа сонгогчдын сонгох эрх хангагдахгүй байна гэж дүгнэсэн. Ирэх сонгуулиудад энэ асуудалд хэрхэн анхаарах вэ?

-Хүний эрхийн үндэсний комиссын тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-аас 77 дугаар тогтоол гаргасан. Сонгох, сонгогдох эрхийг хангах чиглэлээр таван арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Сонгуулийн ерөнхий хороонд даалгасны дагуу бид төлөвлөгөө гарган ажиллаж байна. Ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуулиар сонгогчдын санал авах төрөл, хэлбэрийг нэмэгдүүлэхээр хуулийн төслийн санал боловсруулж УИХ-ын гишүүн Д.Бум-Очироор ахлуулсан Ажлын хэсэгт хүргүүлсэн. Мөн сонгогчдын санал авах арга хэлбэрийг нэмэгдүүлэх чиглэлээр УИХ дахь АН-ын бүлэгт мэдээлэл хийж, хуулийн төслийн саналаа хүргүүлээд байна. Гадаад улсад байгаа болон байнга оршин суугаа хаягаасаа өөр газарт очих иргэд 7-10 хоногийн өмнө урьдчилж саналаа өгөх, 3 хоногийн цалинтай чөлөө олгохоор аж ахуйн нэгж, байгууллагыг нь үүрэгжүүлэх, байгаа газраасаа байнга оршин суух хаягийнхаа дагуу зайнаас санал өгөх зэрэг арга хэлбэрийг нэвтрүүлэхээр дээрх саналуудад тусгасан.

Сонгох, сонгогдох эрхийг хангах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох санал боловсруулах, зохион байгуулалтын арга хэмжээ авах чиглэлээр Хүний эрхийн үндэсний комиссын дарга, холбогдох албан хаагчидтай уулзалт хийж, хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулаад ажиллаж байна.

-Сонгох эрхийг хангах, сонгогчдод сонгуулийн боловсрол олгох талаар нэлээдгүй яригддаг. Нөгөө талд сонгогдох эрхийг хангахад хэрхэн ажиллаж байна вэ?

-Улс төрийн намын тухай хуулиар Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намуудыг мэдээлэл, арга зүйгээр хангадаг болсон. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 38 намд нээлттэй мэдээлэл, санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан гаргах, төрийн шууд болон шууд бус дэмжлэг авах зэрэг чиглэлээр мэдээлэл солилцож, арга зүйн дэмжлэг үзүүлдэг. Хамгийн сүүлд отгон нам болох Либертари намын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Сонгуулийн үеэр хууль, эрх зүйн сургалт, мэдээллийг нам, нэр дэвшигчдэд тогтмол хийдэг. Улс төрийн намууд маань ч сонгогчдод сонгуулийн боловсрол олгох үүрэг хүлээснийг дээр ярьсан шүү дээ.

-Техникийн боломжийг судалж, саналаа хүргүүлсэн гэлээ. Санал тоолох төхөөрөмжийн нөхөн бүрдүүлэлт ямар шатанд яваа вэ?

-Бид 2012 оноос хойш 38 удаагийн ээлжит болон нөхөн, дахин сонгуульд санал тоолох төхөөрөмжийг ашиглаад байна. Санал тоолох төхөөрөмж үүргээ гүйцэтгэсэн, шинэчлэх шаардлагатай гэдэг дүгнэлтийг холбогдох төрийн байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг удаа дараа гаргасан. Сонгогчдын саналаа өгөх төрөл, хэлбэрийг нэмэгдүүлэх шаардлагыг хангахаар санал тоолох төхөөрөмжийн нөөцийг шинэчлэн бүрдүүлэхээр холбогдох судалгааг хийж, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн хуралдаанд нөхцөл байдлыг дэлгэрэнгүй танилцуулсан. Ерөнхийлөгчийн 2027 оны, УИХ, орон нутгийн Хурлын 2028 оны ээлжит сонгуулиар нөхөн бүрдүүлэлт хийж шинэчилсэн загвартай санал тоолох төхөөрөмж ашиглана гэж төлөвлөж, холбогдох бэлтгэлийг ханган ажиллаж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Өнөөдрийн онч үг

6 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.