Цагдаагийн байгууллагын хэмжээнд 2025 оны эхний 10 сарын байдлаар автотээврийн хэрэгсэл хулгайлах төрлийн гэмт хэрэг 201 бүртгэгдэж өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 13 нэгж буюу 6.9 хувиар өсчээ.
Хүйтний улирал эхэлж иргэд автомашинаа халаахын тулд асаалттай орхиж байгаа нь энэ төрлийн гэмт хэрэгт өртөх эрсдэлийг нэмэгдүүлж байгаа аж.
Хамгийн сүүлд гэхэд энэ оны арваннэгдүгээр сарын 09-ний өдөр цагдаагийн байгууллагад “Автомашин алга болсон” гэх дуудлага, мэдээлэл ирсний дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн “Б” Hyundai Sonata, арваннэгдүгээр сарын 04-ний өдөр иргэн “Д” Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгсэлээ халаахаар асаалттай орхиж, хулгайд алдсан хэрэг тус тус гарчээ. Иймд иргэд та бүхэн өөрийн тээврийн хэрэгслийг хяналтын камертай газар байршуулах, асаалттай үед хүнгүй орхихгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Түүнчлэн, цагдаагийн байгууллагад энэ оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр “Автомашиныг маань хүн аваад явчихлаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн “Т” нь согтуурсан үедээ бусдын биед заазуур тулган сүрдүүлж, иргэн “М”-ын Toyato Prius-20 маркийн автомашиныг нь дээрэмдэж, зугтаасныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлжээ. Уг хэргийг Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлд зааснаар “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.
4 цагийн өмнө
4 цагийн өмнө
6 цагийн өмнө
7 цагийн өмнө
2025-11-11
89086
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.