Улсын хэмжээнд 313 мянга гаруй жолооч 70 гаруй тэрбум төгрөгийн торгуультай байна

2025-01-20 Мэдээ, мэдээлэл

 

Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн автомашины торгуулиа хугацаанд нь төлөөгүй, ноцтой зөрчил гаргасан жолоочийн эрхийг хасах, торгуулийг албадан төлүүлэх арга хэмжээ авч байгаа. 

Тодруулбал, 2017 оны долдугаар сарын 1-нээс, 2024 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд 313 мянга гаруй жолооч тээврийн хэрэгслийн торгуулиа төлөөгүй байгаа юм.

Өөрөөр хэлбэл, долоон жилийн хугацаанд 3-10 удаагийн торгуулиа төлөөгүй 292,259 иргэн замын хөдөлгөөнд оролцож байна. Эдгээр жолооч нарын торгуулийн мөнгөн дүн нь 36.103.164.000 төгрөг болсон байгаа юм.

Тэгвэл 11-20 удаагийн торгуультай 51 мянга гаруй иргэн байгаа бол 21-30 удаагийн торгуультай 12,358 иргэн байна. Мөн 51-100 удаагийн торгуультай 2,326 иргэн байгаа бол 100-200 удаагийн торгуультай 519 иргэн байна гэсэн судалгаа байгаа аж.

Энэ мэт 3-200 хүртэлх удаагийн торгуультай 313,818 иргэн бий. Эдгээр иргэдийн торгуулийн мөнгөн дүн нь 70 тэрбум, 899 сая 763 мянга 500 төгрөг болсон байна.

Тиймээс Тээврийн цагдаагийн албанаас эдгээр жолооч нарын торгуулийг төлүүлэх арга хэмжээг авч ажиллаж байгаа. 

Одоогийн байдлаар журам хэрэгжиж эхэлснээс хойш 200 гаруй жолооч нэг жилээр эрхээ хасуулжээ. Ийнхүү дээрх жолооч нар дээр аж ахуй нэгж байгууллагууд бас нэмэгдэнэ. Долоон жилийн хугацаанд албаны тээврийн хэрэгслийн торгуулиа төлөөгүй 134,280 ААН, 26 тэрбум 216 сая 511 мянган торгуультай байгаа ажээ.

Өнөөдрийн онч үг

3 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.