Дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх Оюу толгойн гүний уурхайн олборлолт (03.13) эхэлж, олон улс даяар Монгол хэмээх нэртэй хамт дахин цуурайтав. Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын нэг хэсэг аж үйлдвэрийн сэргэлтийн хүрээнд Оюу толгойн төсөл олборлолтоо албан ёсоор эхэлж байгааг Ерөнхий сайд л.Оюун- Эрдэнэ газрын гүнээс зарласан нь тун чиг сонирхолтой, басхүү тив дэлхийн хөрөнгө оруулагчдын анхаарлыг нэгэн цэгт төвлөрүүлсэн гайхалтай үйл явдал. 1265 метрийн гүнд орших 18 дугаар цооногоос гаргаж ирсэн зэсийн хүдрийг олборлохын тулд их хэмжээний хөрөнгө оруулалт, техникийн чадавх хэрэгтэй бөгөөд хамгийн чухал нь талуудын хамтдаа мөр зэрэгцэн зогсож, бие биенээ түших итгэлцэл юм гэсэн “Рио тинто” группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолмын үг ч чихэнд чимэгтэй.
Өнөөдөр Оюу толгойд 20 мянган хүн ажиллаж байгаагийн 97 хувь нь монголчууд. Монгол мэргэжилтнүүд гүний уурхайгаа байгуулаад хөгжүүлж яваа бахархам түүхийн эзэд.
Тэгвэл энэхүү гайхалтай баялаг ордыг нээсэн эгэл монгол геологичийн тухай энд дурсахгүй байхын аргагүй. Тэр бол Оюу толгой ордыг нээхэд гол үүрэг гүйцэтгэн оролцож, түүхэн гавьяа байгуулсан геологич, Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Дондогийн Гарамжав агсан. Энэ эгэл хүмүүний дурсгалыг мөнхлөн Оюу толгой ордын ил уурхайг түүний нэрэмжит болгож, хүндэтгэлийн гэрэлт хөшөөг нь 2018 онд сүндэрлүүлсэн билээ. “Хүний ачийг үгээр хариулж болдоггүй юм гэнэ лээ. Миний ханийн хийсэн бүтээснийг үнэлж, ажил амьдралаа зориулсан шаргал говьтой нь холбож, гэрэлт хөшөө босгосонд гүнээ баярлаж байна” хэмээн Д.Гарамжав агсны гэргий Г.хулганаа тухайн үед дурсчээ.
Д.Гарамжав гуай itoim.mn сайтад өгсөн ярилцлагадаа Оюу Толгой ордыг нээсэн түүхийн талаар сонирхолтой яриа дэлгэсэн байдаг юм. Анх 1995 онд “Магма Коппер” гээд АНУ-ын компани хайгуулын ажил эхлүүлж байлаа. Эрдэнэт шиг зэс-порфирын томоохон орд олж илрүүлнэ гээд “Эрдэнэт Магма” компанийг байгуулж, одоогийн Эрдэнэт үйлдвэртэй хамтран 50:50 хувиар санхүүжүүлэн ажиллахаар тохиролцож байсан юм. Гэтэл “Магма коппер” нэг жил ажиллаад хувьцаагаа австрали компанийн BHP компаниуд худалдсан. Тэгээд 1997 онд BHP Оюу толгойн хайгуул дээр хэсэг ажиллаад 1:50 000 масштабтай зураглал хийгээд 23 ширхэг цооног өрөмдсөн. Гэтэл бас л удаагүй компанийн захиргаа нь өөрчлөгдөөд Оюу толгойн ордыг тэр чигт нь орхих шийдвэр гаргасан. Түүний дараа 2000 онд “Айвенхоу Майнз” компани орж ирэн хайгуулын ажлыг үргэлжүүлсэн. Хайгуулын эхний жилдээ жаахан алдаа гаргаад, бага зузаантай хүдэржилтийн бүсийг том орд гэж ойлгоод нэлээд хөрөнгө зарцуулсан. Тэгээд төслөө зогсоох шийдвэр гарах гэж байхад “Айвенхоу Майнз” компанийн удирдлагаас сүүлийн 1500 тууш метр өрөмдлөг хийх боломж олгоё, тэгээд эцсийн шийдвэрээ гаргая гэсэн юм. Тэгээд 500 метрийн гүнтэй гурван цооног өрөмдсөн. Гэтэл өрөмдлөгийн үеэр С.Санждорж геологич надаас “Таны нөгөө “Алтны гурвалжин” гэж тэмдэглэсэн зүсэлт хаана байгаа билээ” гэж асуухад нь цүнхнээсээ би өөрийн ажиглалт хийсэн, өмнө нь энэ хэсэгт бага гүнтэй өрөмдсөн цооногийн зүсэлтийг харуулсан юм. Миний зургийг үзээд манай хайгуулын менежер Ф.Чарли энэ хэсэгт өрөмдөхийн хувьд санал нэг байна, хаашаа харуулж өрөмдөхөө харин өөрсдөө шийднэ гэж хэлсэн. Ингээд 150-р цооногийг өрөмдөхөд бусад өрөмдлөгийнхтэй харьцуулшгүй баян зэс, алтны агуулга илэрсэн дээ. Ийнхүү “Айвенхоу майнз” компани эргэлт буцалтгүй ажилдаа орж, “Оюу Толгой” төслийн үйл ажиллагаа шуудран, зөв голдиролдоо орсон юм” хэмээн өгүүлсэн байдаг. Тус төслийн хүндэт Дэд ерөнхийлөгч С.Санждорж гуайн дурсамжид нэрт геологичийн тухай эрдэнийн шигтгээ мэт сайхан үгүүд бий. “Энэ хүн бүх насаа зэс хайж явсны дүнд Оюу толгой гэдэг дэлхийн хэмжээний том уурхайг нээж илрүүлсэн юм. Оюу толгойн ордын эрэл, хайгуулын ажил үндсэндээ хоёр ч удаа зогсох байдалд орж байлаа. 2000 оны намар 150 дугаар цооногийн зүсэлт Оюу толгойг хаах аюулаас аварсан юм. Нэг, нэг, тав гэсэн гурван тоо их сонин. 150 дугаар цооног бол ерөөсөө л Д.Гарамжав гуайн цооног. Манай геологичид ч гэсэн таны тэмдэглэсэн цооног дээр өрөмдөе. Хэрвээ хүдэр илрүүлбэл энэ таны орд шүү гэж хэлдэг байлаа. Энэ бүхний гэрч болоод би Д.Гарамжав гуайтай хамт ажиллаж байснаа бодоход сайхан байна” хэмээн тэрээр дурсан өгүүлжээ. Өнөөдөр дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх Оюу толгой хэмээх зэс-алтны ордыг нээсэн гайхалтай түүх энэ. Түүхийн алтан эзэн нь Д.Гарамжав геологич. Монголчууд, монголын геологичид дэлхийд данстай их эрдэмтнээрээ үргэлж бахархаж явах нь эргэлзээгүй билээ.
Г.Идэрхангай
5 цагийн өмнө
7 цагийн өмнө
8 цагийн өмнө
9 цагийн өмнө
10 цагийн өмнө
11 цагийн өмнө
11 цагийн өмнө
87427
30691
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.