“Прогрессив Аллианс”-ын хурал манай улсад болно

2017-05-24 Нам хөдөлгөөний амьдрал

Хэвлэлийн бага хурал

“Прогрессив Аллианс” дэвшилтэт холбооны IV хурал манай улсад энэ сарын 25, 26-ны өдрүүдэд болох гэж байгаатай холбогдуулан өнөөдөр /2017.05.24/ МАН-ын байранд нэр бүхий гишүүд хэвлэлийн бага хурал хийлээ.

Тус хурлаар социал демократ буюу нийгмийн ардчилсан үзлийг түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий үйл ажиллагаа илтгэл зэрэг нийт хоёр өдрийн турш болох хурлын дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулсан юм. Дэлхийн зүүн төвийн үзэл баримтлалтай 130 улс төрийн намыг эгнээндээ нэгтгэсэн энэхүү нэгдэл нь социал демократ буюу нийгмийн ардчилсан үзлийг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.
Энэхүү байгууллагын гишүүд нь 21-р зууныг нийгэм, байгаль орчин болон ардчиллын дэвшлийн эрин үе болгохын төлөө ажилладаг. Энэхүү эвсэл нь улстөр-энх тайван, ардчилал, хүний эрх, зохистой хөдөлмөр, хүйсийн тэгш байдал, тогтвортой хөгжил зэрэг бодлогын чухал асуудлуудыг хөндсөн илүү дэвшилтэт үзэл санааг олон улсад түгээн дэлгэрүүлэхийг эрхэм зорилгоо болгодог байна. “Прогрессив Аллианс”-ын хувьд харьцангуй залуу нэгдэл гэж үздэг. Энэхүү нэгдлийн анхдугаар уулзалт Бүгд Найрамдах Итали Улсын нийслэл Ром хотноо зохион байгуулагдаж байсан бөгөөд энэ үеэр Прогрессив Аллиансыг албан ёсоор байгуулах санаачлага гарч, 2013 оны тавдугаар сарын 22-нд ХБНГУ-ын Лейпциг хотод дэлхийн дэвшилтэт социал демократ намууд болон байгууллагуудын сүлжээнд суурилан байгуулагдсан. Өдгөө дэлхийн хэмжээнд энхтайван,  ардчилал, хүний эрх, нийгмийн шударга ёс, нийцтэй ажиллагааны хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна. Прогрессив Аллиансыг үүсгэн байгуулснаар олон улсын орчин үеийн улс төрийн намуудын хамтын ажиллагааны шинэ эхлэл болсон гэж үздэг.
Тус хуралд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар илтгэл тавих юм. Тэрбээр “Социал демократ буюу зүүн төвийн үзэл баримтлал бол өнөөгийн нийгэм дэлхий дахинд тулгамдаад буй хэт үндсэрхэг үзэл мөн өөрийн зах зээлийг бусдаас хааж хязгаарлана гэсэн хэт туйлширсан үзлүүдийг барих бодлого бол зөвхөн энэхүү социал демократ бодлогот байгаа юм. Сүүлийн жилүүдэд даяаршилын үр дүнд бид нар ямар нөхцөл байдалд хүрчихээд байна гэхээр дэлхий дахин болон монголд баялагийн тэгш бус хуваарилалт газар авчихсан байгаа. Энэ шударга бус асуудлыг зүүн төвийн үзэл баримтлалын бодлогууд яг л үүнд таарах эм гэж бидний зүгээс үзэж байна” хэмээн энэ үеэр онцолж байв.
Дашрамд дуулгахад, “Прогрессив Аллианс- Дэвшилтэт эвсэл”-ийн энэхүү хурал нь “Шударга, Хөгжингүй, Дэлхийн төлөөх нийгмийн шударга ёс, тогтвортой байдлын асуудлууд” нэрийн дор чуулах юм. Тус бага хуралд Англи, Австри, Швед, Португали, Гүрж, Герман, Бельги, Малайз, Марокко, Судан, Энэтхэг, Израиль, Палестин зэрэг дэлхийн таван тивийн 34-н  улсын парламентын гишүүд оролцох гэнэ. Харин манай талаас УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, УИХ-ын Г.Занданшатар нар илтгэл тавьж дэлхийн улс орнуудтай туршлага солилцох аж. Энэхүү бага хуралд дэлхийн өнцөг булан бүрийн прогрессив үзэл баримтлал бүхий улс төрийн томоохон төлөөлөгчид ирж оролцоно. Үндсэн хуралдаан болон бэлтгэл хуралдаануудын үеэр чухал хэлэлцүүлгүүдийг өрнүүлж, улмаар өөр хоорондоо туршлага судалж, нийгэм, эдийн засгийн тэгш байдал, шударга ёсыг бий болгохоор ажиллах юм.
О.МӨРӨН

Өнөөдрийн онч үг

4 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.