Ч.Ганцэцэг: Үргэлж сэтгэлээ хуваалцан ярилцвал сэтгэцийн эмгэг тусахгүй

2020-10-2 Сэтгэл зүйч хариулж байна

Эрүүл хүн сэтгэцийн эмгэг рүү шилжихдээ завсрын үеийг дамждаг аж. Энэ нь стрессээр илэрдэг. Өөрөөр хэлбэл, стресстэй байгаа хүн бүр сэтгэцийн эмгэгийн завсрын үед байна гэсэн үг. Стрессийг оношилж чадах хамгийн энгийн шинж тэмдэг нь нойргүйдэл аж. Нойр хүрэхгүй байх нь ямар нэгэн зүйлд санаа зовж уураг тархи хэвийн амарч чадахгүй байгаагаас болдог. Энэ нь цаашлаад сэтгэл түгших, уйтгарлах, айх, сандрах зэрэг шинж тэмдгээр үргэлжилнэ. Тиймээс завсрын эмгэгээс хэрхэн гарч болох талаар “Монголын сэтгэл засалч эмч нарын холбоо”-ны гүйцэтгэх захирал, анагаах ухааны магистр Ч.Ганцэцэгтэй ярилцлаа.

-Ямар хүнийг сэтгэцийн эмгэггүй гэж тодорхойлдог юм бол?

-Цоо эрүүл сэтгэхүйг тодорхойлох нь Монголын эрүүл мэндийн байгууллагын тулгамдсан асуудлын нэг болоод байна. Манай улс өмнө нь цоо эрүүл сэтгэхүйг огт тодорхойлж байгаагүй. 1999, 2000 онд өрхийн эмнэлгийн систем бий болж төрөөс ард түмэнд эрүүл мэндийн боловсрол олгох 18 хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, энэ нь өвчлөхөөс нь өмнө яаж сэргийлэх талаархи мэдээлэл юм. Гэвч дээрх хөтөлбөрүүдээс сэтгэцийн эрүүл мэнд орхигдсон. Эрүүл хүнийг тодорхойлж чадаагүй атлаа дотоод шалтгаантай болон олдмол өвчин нь эмгэг болж галзуурсан, солиорсон тохиолдолд л оношилж эмчилж ирсэн. Хүний уураг тархи ухамсарт ажиллагаа явуулдгаараа бусад бүх амьтнаас хөгжлийн дээд түвшинд байдаг. Энэ эрхтэн өчүүхэн юманд эмзэглэснээс эмгэг болж хувирдаг учир буцааж хэвийн болгоход хэцүү. Тухайлбал, нимгэн нарийнхан болор шил чамин харагдах тусмаа хэврэг байдаг шүү дээ. Үүнтэй адил хүний тархи маш эмзэг юм. Тиймээс эмч хүний хувьд сэтгэцийн өөрчлөлтөд орсон хүмүүс болон эмчлэгдэж байгаа иргэдийг хараад их эмзэглэдэг учраас урьдчилан сэргийлэх хэрэгтэйг яс махандаа шингэтэл мэдэрсэн. Ингэхийн тулд цоо эрүүл сэтгэхүй гэдгийг тодорхойлж хүүхэд, хөгшид зэрэг ямар ч салбарын хүнд эрүүл байгаа эсэхийг нь ойлгуулах хэрэгтэй юм.

АНУ сэтгэцийн эмгэг гэдэг нэр томёог сэтгэцийн эрүүл мэнд гэж өөрчилсөн. Үүний дараа эрүүл хүнийг судалж эхэлсэн. Гэтэл хүн амынх нь 80 хувь харахад эрүүл атлаа эмгэгтэй байсан. Энэ судалгаанаас хойш сэтгэцийн завсрын эмгэгийг тогтоож аль болгох тайван байх нь эмгэгээс зайлсхийнэ гэдгийг баримталж ирсэн. Тиймээс 1980 оноос энэ төрлийн эмчилгээг хийх болсон юм.

-Сэтгэцийн эмгэг үүсэх шалтгаан нь юу байдаг вэ?

-Эрүүл хүн сэтгэцийн эмгэг рүү шилжихдээ завсрын үеийг дамждаг. Энэ нь стрессийн байдал. Өөрөөр хэлбэл, стресстэй байгаа хүн бүр сэтгэцийн эмгэгийн завсрын үед байна гэсэн үг. Стрессийг оношилж чадах хамгийн энгийн шинж тэмдэг нь нойргүйдэл. Хүүхэд, өсвөр үе, 40-60 насныхан нойргүйдэх нь түгээмэл болсон. Нойр хүрэхгүй байна гэдэг нь ямар нэгэн зүйлд санаа зовж уураг тархи хэвийн амарч чадахгүй байгаагийн илрэл. Энэ нь цаашлаад сэтгэл түгших, уйтгарлах, айх, сандрах зэрэг шинж тэмдгээр үргэлжилдэг.

-45-аас дээш насныхан тогтмол цагт унтахгүй бол нойр нь хүрдэггүй. Энэ юутай холбоотой вэ?

-Зарим хүний нас, ажлын онцлогоос хамаарч цөөхөн цаг унтах тохиолдол бий. Гэхдээ дөрвөөс бага цаг унтах нь сэтгэцийн эмгэгтэй гэсэн үг. Хүн 6-8 цаг унтаж амарч байвал хэвийн гэж үздэг. Хүссэн цагтаа унтаж чадахгүй байгаа нь төв мэдрэлийн системийн тогтолцооноос хамаардаг. Эмгэг тусах эсэх нь эхээс мэндлэх үеийн сэтгэлзүйн байдал гэрийн хүмүүжил, өссөн орчин, нийгэм ямар байхаас шалтгаалдаг. Нийгмийн харилцаа тогтворгүй хямралтай байвал бүх хүний сэтгэлзүй хямарч эхэлдэг. Хэрэв нийгэм тогтвортой тайван байвал хүн өөрийгөө хөгжүүлэх зэргээр байнга эерэг талаар харах болно.

-Өсвөр үеийнхний сэтгэцийн өвчин тулгамдсан асуудлын нэг болжээ. Одоогоор Монгол Улсын иргэдийн хэдэн хувь нь завсрын эмгэгтэй байгаа вэ?

-Миний мэддэг өрх бүр тулгамдсан асуудалтай байдаг. Үл ойлголцол үүсэхэд л тулгамдсан асуудал бий болно. Тулгамдсан асуудал нь сэтгэцийн завсрын эмгэгийг үүсгэдэг. Энэ нь түгших, айх зэрэг юугаар ч илэрч болдог. Нийгэмд завсрын эмгэгтэй хүн давамгайлах болсон нь зах зээл рүү шилжих үе буюу 1990 онтой холбоотой. Тухайн үеийн хүүхдүүд өсч одоо 20 настай, тэдний аав, ээж 40-50 настай болсон. Үүнээс харахад л нийгмийг хамарсан сэтгэцийн хямралтай болсон нь харагдаж байна. Тухайлбал, 1990 онд олон хүн ажилгүй болж амьдрахад хэцүү болсон. Тэр үед хүний амьд явах үнэт зүйл алдагдахад мөнгө олохын тулд бачимдан тэмцэлдэж эхэлсэн. Энэ тэмцэлдээн дунд л сэтгэлзүйн хямралд байж хэн нэгний тусламж авч тэр байдлаасаа гараагүйгээс тогтворшсон завсрын эмгэгтэй болсон. Нэгэнт тогтворшсон эмгэгтэй болсон хүмүүс дахин нийгэм хямрахад тэдэнд сэтгэцийн олдмол эмгэг илэрч байна. Олдмол эмгэг залуужиж байгаа нь харамсалтай. Үргэлж санаа зовох, хийсэн зүйлээ байнга шалгах нь тайван биш байгаагийн л илрэл юм.

-Мартах сэтгэцийн эмгэг мөн үү?

-Ой ухаан, санах хурд өөрчлөгдөх нь тархины хэвийн ажиллагаа алдагдсан гэсэн үг. Тархины ажиллагаа алдагдах нь сэтгэцийн эмгэгтэйн шинж. Энэ нь үргэлж хүнд юм үүрч явж байгаатай адил.

-Завсрын эмгэгээс хурц хэлбэр лүү шилжих нь хурдан байдаг уу?

-Завсрын эмгэгийн үед ухамсарт ухаан ямар нэгэн сааталд ороогүй байдаг. Тухайн хүн сэтгэл түгшиж, гутарч байгаагаа ойлгоод ажлаа хийсээр байдаг. Хэрэв эмгэг болчихвол ухамсарт ухаанд өөрчлөлт орно. Тиймээс ухамсарт ухаан өөрчлөгдөхөөс өмнө сэтгэлзүйгээ эмчлэх хэрэгтэй.

-Сэтгэцийн эмгэгтэй иргэд ямар хугацаанд эдгэрдэг вэ. Ер нь эмчлэгдсэн хүмүүс дахин эмгэгтэй болох тохиолдол бий юу?

-Хувь хүн өмнө нь сэтгэлзүйн гутрал, түгшилтээс болж эмгэгтэй болсноо болон дахин сэтгэл түгших зүйл тохиолдвол яаж тайвшрахаа эмчилгээний явцад ойлгодог. Хүнд тохиолдсон болон мэдрэгдсэн мэдрэмж тархинд хадгалагдаж байдаг. Хүн тархиныхаа зургааны нэг хэсгийг ашигладаг гэж шинжлэх ухаанаар нотолдог. Ашигладаггүй зургааны таван хэсэгт мартагдсан зүйлүүд хадгалагддаг. Сэтгэцийн эмгэг маш удаан хугацаанд эдгэрдэг. Аль болох эвийг нь олж, аргадаж эмчилнэ. Эмчлэгдсэний дараа тухайн хүнийг нийгэм шууд хүлээн авдаггүй. Өөрөөр хэлбэл, нийгмийн хөгжлийг гүйцэж алхах гэж түүртдэг.

-Сэтгэцийн хурц хэлбэрийн эмгэг олдмол байж болох уу?

-Энэ нь удамшил болон олдмол гаралтай байж болдог. Завсрын эмгэг эмчлэгдэхгүй явсаар хурц хэлбэрт шилждэг. Хүний нас хязгаартай байдаг шиг сэтгэлийн тэнхээ ч бас хязгаартай.

-Монголд сэтгэцийн эмгэгтэй хүмүүс хэр олон байдаг вэ?

-Одоогоор залуус их өвчилж байна. Тухайлбал, өсвөр үеийнхэн донтох боллоо. Мөн өсвөр үеийнхний түр гэр бүлийн эмгэг гэж бий. Энэ эмгэг хүүхэд бүрт илэрч байгаа. Энэ нь хоолоо идэхгүй, дуугарахгүй байх зэргээр илэрдэг. Хүүхэд эвгүй сэтгэлийн мэдрэмжээ арилгахын тулд компьютер тоглоом тоглож арай илүү тааламжтай мэдрэмжийг авдаг. Өсвөр үеийнхний ухамсарт ухаан өөрчлөгдвөл Монголын ирээдүй харанхуй болно. Хүүхэд донтож тоглох болсны шалтгаан нь сэтгэлээ хуваалцах хүнгүй, гэр бүлийн хайр халамж дутагдсаных байдаг. Итгэнэ гэдэг сэтгэлзүйн сайн чанарын нэг. Итгэх, үл итгэх чанар хүнд ой зургаан сартай байхад нь бүрэлдэн тогтдог. Мөн нэг нас зургаан сараас гурван нас хүртэл биеэ даах болон ичиж зовох эргэлзэн тээнэгэлзэх шинж тогтоно. Харин 3-5 насанд нь идэвх санаачлагатай байх, бусдын захиргаан дор байна. Эдгээр шинж нь сэтгэцийн суурь шинж юм. Үүнээс гадна энэ насандаа итгэлийг даах чадварыг мөн олж авч байдаг. Тиймээс хүүхдэд таван настай байхад нь итгэл, үл итгэлээс давуу байвал цаашид сайн хүн болж төлөвшдөг.

-Сэтгэцийн завсрын эмгэгээс яаж урьдчилан сэргийлэх вэ. Энэ талаар зөвлөнө үү?

-Сэтгэлийн (дотоод) мэдрэмжээ заавал гадагшлуулах хэрэгтэй. Хэрэв сэтгэлийн мэдрэмжээ гаргахгүй байх тусам дотроо хасах цэнэг хуримтлуулж байна гэсэн үг. Ихэнх хүн сэтгэлээ хямарч байгаагаа тоодоггүй. Энэ байдал нь даамжирсаар завсрын эмгэгтэй болгодог. Сэтгэл гарт баригдаж, нүдэнд харагддаггүй учраас дотоод мэдрэмж яриагаар л гадагшилна. Тиймээс үргэлж сэтгэлээ хуваалцан ярьж байвал эмгэг тусахгүй. Зарим хүн сэтгэл заслын эмчилгээг амархан гэж боддог. Гэтэл энэ нь маш хэцүү нарийн зүйл байдаг.

-Нээлттэй хүмүүс завсрын эмгэг тусах нь ховор гэсэн үг үү?

-Сэтгэлийн хямрал нь тухайн хүнээс л хамаарна. Нээлттэй хүмүүс хэлэх гэсэн үгээ шууд хэлчихдэг учраас стресст орох нь бага байдаг. Мэдрэлийн хүчтэй, тэнцвэртэй системтэй хүн тэр болгон стресст автдаггүй. Гэсэн ч олон дахин сэтгэл түгшээсэн зүйл гарвал сэтгэцийн завсрын эмгэгтэй болох нь тодорхой юм.

-Монголд хийж байгаа сэтгэл заслын эмчилгээ олон улсынхаас ямар байгаа вэ?

-Манай эмч нар сэтгэл заслын эмчилгээг АНУ-ын түвшинд хийж байгаа. 2000 оноос эхлэх цөөхөн хүн энэ чиглэлээр мэргэшиж, эмчилгээг хийж эхэлсэн ч эмч нарын ур чадвар сайн. Харин сэтгэцэд нөлөөлөх эмийн хангалт муу байгаа. Ухамсарт ухаанд нөлөөлдөг эм өндөр үнэтэй. Одоо манай улс 20-30 жилийн өмнө хэрэглэж байсан эм хэрэглэдэг.

Эх сурвалж: Newsmedia

Өнөөдрийн онч үг

3 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.