Орь ганцаар 440 хоног 

2019-05-7 Амрах агшин

БИ АМИА ХОРЛОХЫГ МАШ ИХ ХҮСЧ БАЙСАН Ч ЧАДААГҮЙ…

«Вокруг света» сэтгүүлийн хүсэлтээр MarshallIslands Journal сэтгүүлийн ерөнхий редактор Гифф Джонсон Хосе Альваренгатай аралд очсон эхний өдрүүдэд ярилцлага авч чадсан юм.

Бид далайд үүрээр гарсан, тэнд хоёр л хонох байсан. Гэвч тэр оройдоо биднийг эргээс нэлээд холдсоны дараа цаг агаар муудаж эхэлсэн. Бид эрэгт буцах гэсэн боловч хөдөлгүүр асаагүй. Би хөдөлгүүрээ засах гэж нэлээн удаан оролдсон ч нэмэр болоогүй. Давалгаа улам ширүүсч маш өндөр болж эхэлсэн. Завь хүчтэй давалгаанд хэдэн тийш шидэгдэж байсан тул бид цаг агаар сайжрахыг хүлээхээс өөр аргагүй болсон. Шуурга намдангуут бид гадаад их далайд гарснаа мэдсэн юм.
Бидэнд хэдхэн хавчуургатай талх, хоёр лонх ус л байсан. Үнэхээр хэцүү санагдаж байсан. Бид хажуугаар ямар нэг хөлөг онгоц өнгөрөх болов уу гэж л их хардаг байлаа…
Хэд хоносны дараа бидний хүнс, ус дууссан. Бид нэлээд хэдэн загас, далайн шувуу барьсан юм. Эсекьель бид хоёр маш их өлсөж байсан тул түүхий мах шууд идсэн. Эсекьелийн дотор нь муухайрч идэж чадаагүй. Би бол идсэн. Бид дахиж хэзээ загас, шувуу барихаа мэдэхгүй байсан тул хүнсээ нөөцөлсөн юм. Гэвч халуун наранд мах их хурдан муудаж байлаа. Эсекьель түүхий мах бараг идэж чадахгүй байсан тул ихэнхдээ юм идэхээс татгалздаг баив. Тэр биднийг удахгүй олно гэдэгт надаас илүү ихээр итгэж байсан. Би түүнийг хамраа чимхээд ч хамаагүй юм идэх хэрэгтэй гэж их зөвлөдөг байсан ч тэр амандаа жаахан мах үмхээд л огидог байлаа. Эсекь өдөр ирэх тусам бие нь муудаж их унтах болсон. Тэгээд л нэг өдөр дахиж сэрээгүй юм даа… тийм ээ, би түүнийг далайд шидсэн. Надад өөр сонголт байсан гэж үү?

Загас барих хүнд байсан. Ер нь загас тун ховор тааралддаг байсан. Тиймээс ч би миний завинд амрахаар суусан шувууг агнадаг байлаа. Харин нэг шувуу идсэний дараа миний гэдэс маш их өвдөж хэцүү байдалд орсон. Харин дараа нь би яст мэлхий барьж идсэн нь гэдэс ходоод өвдөхөө больсон. Ингэж л би яст мэлхийний мах ходоодонд сайн шингэдэг гэдгийг мэдсэн юм даа.
Бороо ороход завин дээр ус тунаж тогтдог байлаа. Би борооны усыг яст мэлхийний хуяганд хийн уудаг байсан. Харин удаан хугацаагаар халуун нартай, бороо орохгүй өдрүүдэд би өөрийнхөө шээсийг хамраа чимхээд л уучихдаг байсан. Заримдаа яст мэлхийний цус уудаг байлаа.
Хамгийн хэцүү нь хурц нартай өдрүүд байсан. Нар маш халуунаар яг дээрээс шарах үед би загас хадгалах зориулалттай хайрцагт орж нуугддаг байв.
Би өдөр судраа тэр даруйдаа л алдсан.Хоног өдрүүд нэгээс нөгөөд шилжихэд би өөрийгөө галзуурах нь л гэж бодож байсан. Би далайд хэрхэн байснаа сайн санадгүй юм. Хэр их яст мэлхий идсэнээ ч тооцож чадахгүй байна даа.
Нэг удаа би усан онгоц харсан.Тэр надтай маш ойрхон зөрсөн болохоор би хөлгийн бүрэлдэхүүнийг хүртэл харсан. Би дээш зогсон гараараа даллан тэднийг дуудахад хөлгийнхөн надад хариу даллаад зөрөөд өнгөрсөн. Харин хэд хоногийн дараа миний завь хүчтэй цохиулахад би сэрээд хартал том хөлөг онгоц завийг минь мөргөөд өнгөрч байсан. Магадгүй тэд намайг анзаараагүй байх. Ингэж онгоц харснаасаа хойш газар ойрхон байгаа гэсэн бодол улам ихээр төрөх болсон. Би хажууханд газар байх ёстой гэдэгт бат итгэж байлаа. Гэхдээ би жинхнээсээ усан онгоцтой таарсан эсэхээ хэлж мэдэхгүй байна. Магадгүй би зүүдэлсэн ч байж мэднэ.
Би маш их унтдаг бас зүүдэлдэг байсан. Ойр дотныхон, гэр бүлээ биш харин хоол л зүүдэлдэг байлаа. Миний завь элдэв амттан, тахиан махаар дүүрэн байна гэж их зүүдэлсэн дээ. Бага байхад ээж аавын минь барьдаг байсан талх үнэртдэг байлаа. Харин нүдээ нээгээд харахад тэнгэр, нар, хязгааргүй их ус л харагддаг байв.

Би гэр бүлийнхнээ их боддог байсан.Далайд би тэднийхээ дэргэд байх ёстойгоо илүү их мэдэрсэн. Охин Фатима, аав, ээжийгээ их санасан. Тэдэнтэй хэрхэн уулзахаа төсөөлөн бодож дахиж хэзээ ч холдохгүй гэж мөрөөддөг байлаа.
Бурханд итгэх миний итгэл үнэмшил л намайг аварсан гэж боддог. Би бурхан цаг үргэлж намайг харж, надтай хамт байгаа байгаа гэдгийг мэдэж байсан. Амиа хорлохыг хүссэн үеүд бий. Би судсаа ханахыг оролдсон боловч зүгээр л чадаагүй. Ийм зориггүйдээ өөрийгөө хараан зүхэж, хашгирч, уйлдаг байсан. Харин дараа нь гараа дээш өргөн:«Бурхан минь! Би танд итгэж байна!» гэж чангаар хэлдэг байлаа. Би бурхан намайг заавал сонсож аварна гэдэгт үргэлж итгэдэг байсан юм шүү.

ДЭЭД АМЖИЛТУУД
ДАЛАЙД ОЛЗЛОГДОГСОД

Жил бүр дэлхийд 200 000 хүн усанд сураггүй алга болдог. Тэдний маш цөөхөн азтай нь эргэж ирдэг. «Вокруг
света» сэтгүүл хамгийн удаан хугацааны дараа эргэн ирсэн
5 тохиолдлыг нэрлэж байна.

Мексик загасчид
Лусио Рендон, Сальвадор Ордоньес болон Хесус Виданья
Далайд 9,5 сар байсан
2005 оны 10-р сарын 28-нд Сан-Блас-Наярит (Мексик) боомтоос гараад 2006 оны 8-р сарын 9-нд Маршаллын арлуудаас холгүйхэн олдсон.

Вьетнам гаралтай Америк иргэн Ричард Ван Фам
Далайд 3,5 сар байсан
2002 оны 5-р сард Лонг-Бич (Калифорни) боомтоос гараад 2002 оны 9-р сарын 17-нд Коста-Рика хотоос 480 километрийн зайнаас олдсон.

Полинезийн загасчин Тоакай Тейтой
Далайд 3 сар байсан.
2012 оны 5-р сарын 28-нд Тарава (Гилбертын арлууд) арлаас гараад 2012 оны 9-р сарын 9-нд Намдрик (Маршаллын арлууд) арлаас олдсон.

Полинезийн загасчид Саму Перес, Фило Фило болон Эдуард Насау
Далайд 1,5 сар байсан
2010 оны 10-р сарын 5-нд Атафу арлаас гараад 2010 оны 11-р сарын 24-нд Уоллис (Хавай болон Шинэ Зеландын дунд оршдог) арлаас олдсон.

Америкийн иргэн Стивен Каллахан
Далайд 2,5 сар байсан
1982 оны 1-р сарын 29-нд Иерро (Канарын арлууд)боомтоос гараад 1982 оны 4-р сарын 21-нд Мари-Галант (Гваделуп) арлаас олдсон

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.