Хөрш орны Төрийн тэргүүнүүд уулзаж байна

2017-09-7 Ерөнхийлөгч

ОХУ-ын Владивосток хотод Дорнын эдийн засгийн форумд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай уулзаж байна. Дорнын эдийн засгийн форум нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины санаачилгаар гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм. Энэ удаагийн форумд бизнесийн 3,000 гаруй төлөөлөгч оролцож байна.

Дашрамд сануулахад, хөрш орны Төрийн тэргүүнүүд наймдугаар сарын сүүлчээр Будапештэд болсон жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр уулзсан юм. Оросын төрийн тэргүүн энэ үеэр хоёр талын бараа эргэлтэд нааштай хандлага гарч байгааг тэмдэглэж “Өнгөрсөн онд бараа эргэлт 20 хувь буурсан бол энэ оны эхний хагас жилд 34 хувиар өссөн” гэдгийг онцолж байсан.
Түүнчлэн Ерөнхийлөгч Путин тэр үед хоёр талын харилцаа улс төрийн хүрээнд ч эдийн засагт ч, соёлын салбарт ч орос монголын байгууллагуудын хүрээнд эрчимтэй өсч байгааг тэмдэглээд “Владивостокт энэ талаар илүү тодорхой ярина” гэдгийг тодруулж байсан юм. Мөн УБТЗ-ын хувь оролцоог 50:50 хувь болгох хүсэлтэй байгаагаа хэлсэн. Түүнчлэн манай талаас эрчим хүчнийхээ дутагдлыг нөхөхөөр Байгаль нуурын цутгал Сэлэнгэ мөрөн, түүний цутгал голууд дээр усан цахилгаан станц барих гэж байгаа нь Байгаль нуурын экологид сөргөөр нөлөөлнө гэдгийг тодруулж байсан юм. Гэхдээ энэ асуудлыг ганц энэ жил ч ярьж байгаа юм биш. Ийм учраас ОХУ монголын эрчим хүчний дутагдлыг өөрөөсөө эрчим хүч нийлүүлэх замаар нөхөхийг хүсч байгаа гэдгийг илэрхийлж байсан. Нөгөө нэг хувилбар нь Оросоос эрчим хүчний агаарын шугам татах тухай ч хөндөж байсан. Ямартай ч энэ удаагийн албан ёсны уулзалтаар эдгээр асуудлын гарц гарах байх гэсэн хүлээлт хаа хаанаа байгааг хоёр орны хэвлэл мэдээллүүд чих чагнан хүлээж байна. Ямартай ч хоёр орны Төрийн тэргүүнүүдийн энэхүү уулзалтын талаар эргэн мэдээлэх болно.
С.Гэрэлчулуун

Хууль л амла!

5 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

8 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.