Монгол Улс Нэгдсэн үндэсний байгууллага /НҮБ/-ын тусгай агентлаг болох Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ИКАО/-д 1989 онд гишүүнээр элсэн, 193 бүрэн эрхэт гишүүний нэг болсон юм.

ОУИНБ нь гишүүн улс орнуудаа Америк, Африк, Европ, Ази, Номхон далай, Ойрхи дорнодын зэрэг 7 бүсэд хувааж, 3 жил тутам ерөнхий ассамблейгаараа сонгодог 36 орны төлөөлөлтэй Зөвлөл үйл ажиллагаагааг нь удирдан явуулдаг. Ази номхон далайн бүс хамгийн олон орон хамрагддаг бүс бөгөөд жил бүр Иргэний нисэхийн ерөнхий захирлуудын хурлыг аль нэг улсад 5-7 хоногийн хугацаагаар зохион байгуулж ирсэн
Манай улс ОУИНБ-аас зохион байгуулж буй үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, олон улсын хэмжээний эрх зүйн акт, конвенци, баримт бичигт нэгдэн, иргэний агаарын тээврийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдал, нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа, агаарын тээвэрлэгчдийн үйл ажиллагааг зохицуулах бодлого боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулахад хамтарч ажилладаг юм.

Иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын чиглэлээр олон улсын аудит хийлгэх, сургалт, судалгаанд хамрагдах, Агаарын тээвэрлэгчдийн холбооноос зохион байгуулдаг хамтын ажиллагааны хөтөлбөрт оролцох, дотоод болон гадаад орнуудын иргэний нисэхийн байгууллагууд, сургалтын байгууллагуудыг гэрчилгээжүүлэх зэрэг үйл ажиллагаанд хамрагдах, оролцох, зохион байгуулах чиглэлээр ажиллаж ирлээ.

Ази, номхон далайн бүсийн орнуудын Иргэний нисэхийн Ерөнхий захирлуудын 54 дүгээр хурал Улаанбаатар хотноо энэ сарын 7-11-ний өдрүүдэд болж байна.