Манай улс анх удаа өргөн бүрэлдэхүүнтэй баг илгээлээ

2017-02-15 Амрах агшин

Монгол Улсын баг тамирчид Азийн өвлийн Олимп хэмээн нэрлэгддэг Азийн өвлийн спортын наймдугаар наадамд цана, биатлон, уулын цана, тэшүүр, хоккей, шорт трейк, уран гулгалтын долоон төрлөөр хүч үзэх гэж байна. 1986 оноос зохиогдсон Азийн өвлийн наадмуудад манай улс тогтмол оролцож ирсэн бөгөөд найм дахь наадамдаа анх удаа тамирчин, дасгалжуулагч, албаны төлөөлөгч нийлсэн 80 гаруй хүнтэй том баг энэ жил явж байгаа юм.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Биеийн тамир, спортын газраас энэхүү наадамд баг тамирчдыг амжилттай бэлтгэн оролцуулахад ач холбогдол үзүүлэн тамирчдын замын зардал, хувцас хэрэглэлд зориулан 172 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэн, багийн бүрэлдэхүүний хувцасыг үндэсний үйлдвэрлэгчдээрээ хийлгэлээ.
Энэ үеэр салбарын удирдлагууд тамирчиддаа тэмцээндээ амжилттай оролцохын зэрэгцээ гадаад орнуудын сургалт дасгалжуулалтын арга барил, туршлагаас судалж, шинжлэх ухаанч, бүтээлч байдлаар хандан Монгол хүн, тамирчин хүний ёс зүйг өндөрт өргөн эрхэмлэн явахыг захилаа.

Азийн өвлийн спортын наадмуудад гаргаж байсан өмнөх амжилтаа улам ахиулж, Монгол түмний итгэл найдварыг өндөрт өргөн, Саппоррогийн тэнгэрт алтан соёмбот төрийн далбаагаа мандуулж, Төрийн дууллаа олонтоо эгшиглүүлэхийг спортод хайртай монгол түмнийхээ өмнөөс хүсэн ерөөе!

Өнөөдрийн онч үг

14 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.