Таныг голохгүй бизнест тавтай морил

2018-02-22 Нийгэм

Саяхан нэгэн төрийн байгууллагын албан хаагч өөрийнх нь удирдлагад ажилладаг нэгнээ сүлжээний бизнест орохыг уриад урилгыг нь хүлээж авахгүй болохоор ажлаас нь халах шийдвэр гаргасан гэнэ. Олон нийтийн сүлжээнд өнөөх даргыг жаал шүүмжилжээ. Манайхан л “санхүүгийн пирамид”-рүү хүн шахаад энэ тэр гээд байгаа болохоос сонгодог луйврыг манай сайчууд “Хадгаламж зээлийн хоршоо” нэрээр хуулийн хүрээнд аль хэдийнэ хийчихсэн. Хохирох нэг нь хохироод хариуцлага хүлээх ёстой нь гэм буруутай үйлдэлдээ зохих хариугаа авчихсан.

Итали гаралтай Понзи гэх нэртэй этгээд хүн төрөлхтөнд иймэрхүү хэлбэрийн луйвар байж болохыг биеэр үлгэрлэж, өөрийн нэрээр нэрлүүлжээ. Амар, хялбар аргаар баяжих гэсэн тэрбээр санасандаа хүрч, улс хоорондын шуудангийн системийн үнийн зөрүүгээс ашиг олохыг харилцагчдаа итгүүлдэг ч мөнгө авсан хүндээ дараагийн хүний мөнгийг өгөх замаар ашиг олсоор богино хугацаанд хагартлаа “пунзайжээ”. Алдарт Муссолинд зөвлөх хүртэл хийж явсан тэрбээр хожим туйлын ядуу нөхцөлд наснаас нөгцсрөн гэдэг.

1990-ээд онд хойд хөршид Сэргей Мавроди гэгч яг ийм аргаар луйвар хийсэн бөгөөд түүний байгуулсан “МММ” компанид сая таван зуун мянган хүн итгэл найдвараа өгсөн байдаг. ОХУ-ын рубльтэй гойд адилхан өөрийн хөрөг бүхий үнэт цаасыг нь худалан авах гэж хүмүүс хэдэн цагаар ч хамаагүй дугаарлана.  Тасралтгүй борлогдох түүний нэрийн үнэт цаасыг оросын хэвлэх үйлдвэрүүд хэвлэж амжихгүй байсан учир хятадад хэвлүүлж байсан гэдэг. Хохирогч нар нь сүүлдээ амиа хорлож байсныг дунд насныхан бол мэднэ. Хүмүүс гэнэн, бас түүхийн үйл явдал заавал давтагддаг. Хэдхэн жилийн өмнө АНУ-д санхүүгийн энэ төрлийн луйвар гарсан нь 70 тэрбум орчим ам.долларын хохиролтой байсан.

Энэ бүх луйврын дэргэд өнөө даргын санал болгож  буй сүлжээний бизнес бол ариун цагаан хөдөлмөр. Танд тохирсон, таалагдсан бараа, үйлчилгээг авахын хажуугаар эв нь таарвал мөнгө олох нь. Монголд хамгийн эхэлж орж ирсэн сүлжээний бизнес сайн менежерүүдээ гадагш нь аялуулж, тансаг зэрэглэлийн буудалд үнэгүй байршуулдаг. Хуулиар хориогүй, улсын төсөвт асар их мөнгө оруулж буй сүлжээнийхнийг  буруутгах аргагүй. “Олон улсын байгууллагад өндөр цалинтай ажилд авна. Нас, хүйс, мэргэжил харгалзахгүй” гэх зарыг хаанаас ч үзэж болно. Утас руу нь залгах аваас уриалгахан харилцагч таны өөдөөс “Оюутан байсан ч хичээлийнхээ хажуугаар хийж болох”-ыг сануулах вий. Нас хүйс, боловсрол мэдлэг, царай зүс, нуруу туруу асуухгүй ажилд авдаг газар өөр хаа байна. Эцэст нь ийм сайхан бизнест оруулж амьдрал ахуйг нь өөд татах гэж байхад үгүй гэж байдаг тэр ажилтны л буруу. Дарга бол зөв шийдвэр гаргасан. Багаар ажиллаж чадахгүй тийм нөхдийг ажлаас нь “хусах” л ёстой.

Өнөөдрийн онч үг

11 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.