Дорно дахины ард түмэн, тэр дундаа нүүдэлчин монголчууд өнө эртнээс тэнгэрийн амьтан хэмээн лууг бэлгэшээж ирсэн уламжлалтай. Энэ бэлгэдлийг буддын арга барилтай хослуулан лууг аравнайлан зурдаг зураачид дэлхийд гарын таван хуруунд багтахаар цөөн бий. Тэдний нэг Кэйсүкэ Тэшима багш Монголд хүрэлцэн иржээ. Монгол Улсын гавьяат тамирчин, Монголын сумо бөхийн холбооны тэргүүн, Кёкүшюзан Д.Батбаярын урилгаар тэрээр ирсэн нь энэ.
Япон-Монголын хооронд сумогоор дамжин гүүр нь болсон, Япон-Монголын дипломат харилцаа тогтоосны 45 жилий ой, Сумод монгол эрчүүд зодоглосны 25 жилий ой энэ жил давхцан тохиож байгаа. Ийм учраас гурав хоногийн өмнө Кэйсүкэ Тэшима багш Монголд ирэх хүсэлтэй байгаагаа болон Кёкүшюзан Д.Батбаярт зориулан өөрийн гараар луу зурж өгөхөөр шийдсэн гэдгээ дуулгажээ.
Кёкүшюзан Д.Батбаяр “Луугийн зураг маш олон бэлгэдэлтэй. Хамгийн гол нь зураач хүн зургаа хүнд өгөх нэг өөр, нүдэн дээр нь зураад өгөх бүр өөр. Далайн чинадаас эх орныг минь зорин нисч ирээд, луу зурж өгч буй нь маш том хүндэтгэл учраас би энэ хүсэлтийг маш баяртай хүлээн авч урилга явуулсан. Японы алдарт зураач, дэлхийн цөөхөн уран бүтээлчдийн нэг, тодруулбал дэлхийд гуравхан байдаг уран бүтээлчийн залуу үеийн төлөөлөл Кэйсүкэ Тэшима багшийн сэтгэлийг миний удирддаг Сумо бөхийн холбооны өнгөрсөн жил зохион байгуулсан Сумогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хөдөлгөсөн юм билээ. Бид энэ тэмцээнийг амжилттай зохион байгуулж, Монгол орноо дэлхий дахинд сурталчлах үйлсийг хийсэн. Кэйсүкэ Тэшима багш хоёрхон хоногт 10 мянган суудалтай стадионыг дүүргэсэн Монголын ард түмэн бөхөд ямар хайртайг тэр үед мэдэрсэн гэдэг. Энэ сэтгэлээ өнөөдөр хүндэтгэл болгон илэрхийлж, өөрийн гараар нарнаас гарч ирж буй луу зураад “Кёкүшюзан Д.Батбаярт зориулав” хэмээн бичиж өгсөнд баяртай байна” хэмээн сар шинийн өмнө буддын арга барилаар аравнайлуулсан луутай болсон сэтгэгдлээ хуваалцсан юм.
Буддын шашны бурхан бүтээх дэг жаягийн дагуу лууг зурахдаа зүүн гараасаа очир салгадаггүй. Мөн баруун гараараа тасралтгүй үргэлжлэх зураасаар лууны их биеийг зурдаг юм байна. Босоо лууг ажил хэрэг бүтээх, аз хийморь дуудах сахиус болгодог. Харин уруугаа харсан лууг муу муухай энерги, хар цагаан хэл амнаас хамгаалах сахиус болгон аравнайлдаг аж.
Японы алдарт зураач Кэйсүкэ Тэшима “Би Киото хотоос хүрэлцэн ирлээ. Япончуудын сэтгэлд хамгийн ойр бэлгэдэлт амьтан бол луу байдаг юм. Япончууд лууг бэлгэшээдэг энэ уламжлалаа Монголоос үүдэлтэй гэж үздэг. Бидний эрхэмлэн шүтэж ирсэн луутай адилханаар Японы сумогийн ертөнцөд, мөн Монголын эдийн засгийн ертөнцөд хийморьтой яваа Кёкүшюзан Д.Батбаяртаа зориулаад өмсдөг байсан маушиний өнгө, мөн эх орных нь төрийн далбааны алтан соёмбын өнгийг оролцуулан монгол эвэртэй нар зөв эргэсэн луу зурж өглөө. Одоогоос 25 жилийн өмнө Монголоос арлын Японыг зорих эгэл жирийн хүү тодорсон нь өнөөдөр хэдийнэ хүсэл мөрөөдлийнхөө оргилд хүрчээ” хэмээн хүндэтгэл илэрхийлсэн юм.
С.Гэрэлсүх
2024-11-7
2024-11-7
2024-11-6
2024-11-6
2024-11-6
2024-11-5
87338
30306
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.