
О.МӨНХГЭРЭЛ
Намрын сэрүүн унахтай зэрэгцэн монголчуудын сэтгэлд “Ирэх өвлийг яаж давна даа” гэх жихүүн айдас ургадаг бичигдээгүй хуультай. Саарал ордон, Саадтай хотын удирдлагууд жил бүрийн найм, есдүгээр сард “Өвөлжилтийн бэлтгэл ажил 79-80 хувьтай хангагдлаа” хэмээн ам уралдан тайлагнадаг ч, бодит байдлын термометр өөр заалт зааж байна. Сэтгүүлчийн тэмдэглэлийн дэвтэр, албаны тоо баримтыг сөхөж, шүүмжлэлт нүдээр харвал бид өвөлд биш, өвөл манайд “гэнэт” ирдэг хэвээрээ л байна.
Тооны цаана нуугдсан “Улайссан станцууд”
Эрчим хүчний яамнаас мэдээлж буйгаар 2026-2027 оны өвөлжилтийн хүрээнд салбарын 46 үйлдвэр, компани 1600 орчим ажил гүйцэтгэж, нүүрсний нөөц 94 хувьд (576.7 мянган тонн) хүрсэн нь сайшаалтай. Цаасан дээрх энэ үзүүлэлт дулаахан харагдавч, амьдрал дээрх эрчим хүчний хэрэглээний оргил ачаалал ирэх өвөл 1,956 МВт-д хүрэх тооцоо гарчээ. Гэтэл манай улсын дотоодын нийт суурилагдсан хүчин чадал ердөө 1,836 МВт гэх…
Энэхүү 120 орчим МВт-ын зөрүүг батерей хураагуур болон урд, хойд хөршийн импортоор арай чамай нөхөхөөр зүдрэн зүтгэж байна. Салбарын мэргэжилтнүүд “Дулааны цахилгаан станцууд өнөөдөр байгаа хүчин чадлаасаа 50 хувиар илүү дулаан нийлүүлж, улайссан байдалтай ажиллаж байна” хэмээн харанга дэлдэж эхлэв. Нийслэл хотын төвлөрсөн дулаан хангамжийн суурилагдсан хүчин чадал 2418 Гкал/ц атал холбогдсон нийт ачаалал нь аль хэдийнэ 3558 Гкал/ц даваад байна. Энэ бол бэлэн байдал биш, хэзээ мөдгүй дэлбэрэхэд бэлэн болсон “техникийн тэсрэх бөмбөг” дээр сууж буйн илрэл биш гэж үү?
Алслагдсан дүүрэг, аймгуудын “Хөлдүү” амьдрал
Төвөөс алслагдсан хэрэглэгчдийн дулааны хангамжид хүндрэл үүсэж болзошгүйг албаныхан өөрсдөө ч хүлээн зөвшөөрдөг. Улаанбаатар хот дулааны станцын гүнзгий дутагдалд орж, шинээр баригдаж буй хорооллууд хэрхэн дулаанаа авах нь эргэлзээтэй хэвээр. Орон нутагт ч нөхцөл байдал адилхан, хуучны орон сууцнуудын зоорийн давхрын инженерийн шугам сүлжээ элэгдэж дууссаныг Увс зэрэг аймгуудын орон нутгийн шалгалт бэлхнээ гэрчилнэ.
Жил бүр засвар хийдэг ч есөн дулааны цахилгаан станцын 20 зуухнаас есийнх нь ажил дуусаж, 11 нь есдүгээр сарын сүүл хүртэл үргэлжилж байгаа дүр зураг бий. Өвлийн халаалт хэдийнэ эхэлчихсэн байхад засварын ажил дуусаагүй байна гэдэг нь манай менежментийн сул талыг бэлхнээ илтгэнэ.
Эцэст нь хэлэхэд, Монгол Улс өвөлд цаасан дээр 80 хувь бэлэн байна. Харин амьдрал дээр Бөөрөлжүүтийн цахилгаан станц зэрэг шинэ эх үүсвэрүүдийг яаралтай ашиглалтад оруулж, импортын хараат байдлаас гарахгүй бол жил бүрийн өвөл айдас, хүйтэн дунд өнгөрсөөр байх болно. Сэтгэл дулаан өвөлжье гэвэл эрчим хүчний реформыг цаасан дээр биш, хөрсөн дээр харуулах цаг аль хэдийнэ болжээ. Гал алдах эрхгүй Монголын өвөл хаяанд ирлээ…
32 минутын өмнө
2 цагийн өмнө
4 цагийн өмнө
Өчигдөр
2026-09-16
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.