
Эгэл ардын амьдрал өдрөөс өдөрт доройтсоор, “нар үзэх”-ээ болих нь. Төр нь ч, ард түмэн нь ч урд хормойгоороо хойтохоо нөхөөд арай л өлбөрч үхэхгүй шиг амь зогоосоор…
Иргэд нь банкны хүү, аппликейшний зээлэнд дарлуулж, төр нь өр ширэндээ баригдаад бөмбөрцөг дэлхийд гишгэх газаргүй болох нь. Өдрөөс өдөрт өргөн хэрэглээний барааны үнэ тэр дундаа гурилан бүтээгдэхүүний үнэ 15-23 хувиар буюу 300-400 төгрөгөөр нэмэгдсэн гэдгийг худалдаа эрхлэгчид хэлж байна. Гурилан бүтээгдэхүүний үнэ хамгийн багадаа 6500 төгрөг бол хамгийн ихдээ дунджаар 12 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм. Мөн гурилын үнэ килограмм тутамд 50 төгрөгөөр нэмэгдсэн байна. Үүнээс гадна тамхины үнэ мөн 300 төгрөгөөр нэмэгджээ.
Ер нь л манай улсад хурдтай өсөн нэмэгдэж байгаа ганц л зүйл бол өргөн хэрэглээний барааны үнэ. Тэр дундаа монголчуудын хүнсний гол хэрэглээ болсон махны үнэ тэнгэрт хадав. Гуравдугаар сард үхрийн мах 28 мянган төгрөг байсан бол өнөөдрийн байдлаар 36 мянган төгрөгт хүрээд байна.
Өнгөрөгч оны жилийн эцсийн дүнгээр 58.1 сая толгой мал тоолуулж байсан монгол орон малгүй шахам дэлхийн улсуудтай махны үнэ нь энэ тэнцэв. Өөрөөр хэлбэл, махны үнэ хаданд гарч өмнө жилүүдэд байгаагүйгээр нэмэгдэж, үхрийн мах ганцхан сарын дотор 6000-8000 орчим төгрөгөөр өсөөд байгаа юм.
Цаашлаад сүүлийн таван жилд монгол төмс 124.1 хувь, гурил 111.5 хувь, ургамлын тос 80.3 хувь, өндөг 50.5 хувиар тус тус өссөн бол цагаан будааны үнэ 12.3 хувиар нэмэгджээ. Энэ хэрээр иргэд үнийн өсөлтийн дарамтад орж, авч буй цалин нь хаанаа ч хүрэхгүй байна.
Үнэн чанартаа шатахууны үнэ, цалин тэтгэвэр нэмэгдэх сургаар хамгийн түрүүнд худалдаа эрхлэгчид барааныхаа үнийг нэмдэг бичигдээгүй хууль нэгэнт тогтчихсон. Цалин, тэтгэвэр нэмэгдсэн ч үүнийг дагаад барааны үнэ тэр дундаа өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг учир иргэдийн амьдралд төдийлөн ашиг тусаа өгдөггүй нь гашуун үнэн. Үнэндээ цалин нэмлээ гэхэд худалдаа эрхлэгчид үнээ нэмэх ямар ч үндэслэл баймааргүй л байлтай. Мөн шатахууны үнэ нэмнэ гэх яриа гарсны маргааш л хүнсний бүтээгдэхүүний үнэ өсдөг. Улмаар шатахууны үнэ бодитоор нэмэгдэхэд дахиад өсдөг.
Худалдаа эрхлэгчид болон үйлдвэрлэгчид шатахууны үнэ буурсан ч үнийн дүнгээ огт буулгадаггүй. Үнийн өсөлтөд Засгийн газраас хяналт тавьж, барих боломжгүй гэдэг. Тэгвэл зохиомол үнийн хөөрөгдлийг хянаж, зохицуулах ёстой газар нь хуучнаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар буюу одоогийн Монополын эсрэг газар. Гэвч тэд ажлаа хангалттай хийж чадахгүй байгааг дээрх сүүлийн таван жилийн үнийн өсөлт харуулж байна. Үндсэндээ хүнсний бүтээгдэхүүний үнэ сар бүр багадаа 20-30 төгрөгөөр нэмэгддэг. Хүнсний үнэ литр болон килограмм, ширхэг тутамд 20,30 төгрөг нэмэгдсэн үед иргэд түүнийг төдийлөн анзаардаггүй байна. Харин дээрх шиг илтэд 300, 400 төгрөг нэмэгдэхэд халаглаад л өнгөрдөг. Харин худалдаа эрхлэгч нар шатахууны үнэ өссөн учраас цаанаасаа нэмэгдэж ирээд байна, үнээ нэмэхээс өөр арга байхгүй гэх тайлбарыг хэлдэг. Өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа үнийн өсөлтөд иргэд сөхөрч авч байгаа цалин нь хаанаа ч хүрэхгүй зээлээс зээлийн хооронд амь зууж буй нь л бодит үнэн.
Эх сурвалж: Newsmedia.mn
4 цагийн өмнө
2026-04-17
2026-04-16
2026-04-16
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.