Улаанбаатар хот усгүй болвол яах вэ? Энэ бол зөгнөлт кино биш, харин ЖАЙКА (JICA)-ийн Японы шилдэг эрдэмтдийн 30 жилийн турш хийсэн цуврал судалгаануудад дурьдагдсан зарим нэг ил анхааруулга юм. Бид Хатан Туул гол дотор нь болон голынхоо эрэг дээр бетон хурдны зам тавихаар яарч байгаа ч, энэ нь хотынхоо “усны цоргыг” үүрд бөглөх аюултайг шинжлэх ухааны хэлээр тайлбарлая.
СУДАЛГААНЫ АРД ХЭН БАЙВ
Энэ бол хэн нэгний таамаглал биш, хэн нэг намыг дагаж гүйдэг одон медальтай, тамга тэмдэг олж аваад зөвлөх хийж буй хүний найруулсан жүжиг биш.
ЖАЙКА-ийн “Улаанбаатар хотын ус хангамжийн менежментийг сайжруулах төсөл”-ийг дэлхийн түвшний мэргэжилтнүүд гүйцэтгэсэн дүгнэлт юм.
Японы талаас: К.Фүжиширо, С.Окада тэргүүтэй Японы усны зөвлөх инженерүүд болон нарийн мэргэжлийн зөвлөхүүд
Монголын талаас: ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, доктор П.Баттөр болон монголын мэргэжилтэн, инженерүүд.
Тэд хамтдаа Туул голын ай сав, газар доорх усны хөдөлгөөнийг рентгенд харуулж буй мэт тодорхой олон талаас нь судалсан юм.
ШИНЖЛЭХ УХААНЫ ГУРВАН ХАТУУ АНХААРУУЛГА
1. “Нэвчилтгүй гадаргуу” ба Усны хомсдол
Улаанбаатар хотын ундны усны 100% нь газар доорх уснаас шууд хамааралтай. Харин тэр газар доорх ус нь Туул голын урсгалаас шууд тэжээгддэг (River Infiltration).
Тоо баримт: Төв эх үүсвэрийн худгуудаас татаж буй усны 70-80% нь Туул голын уснаас шүүгдэж нөхөгддөг.
Аюул: Голын эрэг дагуу бетон хурдны зам тавих нь хөрсийг “битүүмжилнэ”. Ингэснээр борооны ус болон голын ус газар доорх нөөцөө нөхөж чадахгүй болж, усны түвшин эргэшгүйгээр доошилно.
2. “Төв эх үүсвэрийн” эмзэг байдал
Биокомбинат, Яармаг орчмын “Төв эх үүсвэр” бол хотын усны 70 гаруй хувийг хангадаг хамгийн том “амь судас”.
Эрдэмтдийн дүгнэлт: Туул голын аллювийн хурдас (элс, хайрга) маш нимгэн. Энэ нь дээрээс нь ирэх аливаа бохирдолд, аливаа газар шорооны, өрөмдлөгийн, барилга замын ажилд туйлын эмзэг мэдрэмтгий гэсэн үг.
Эрсдэл: Хурдны замын машин техникээс гарах утаа, тос, элдэв химийн хольцтой шатахуун, химийн хаягдал, өвлийн давс зэрэг нь байгалийн шүүлтүүргүйгээр ундны усны сан руу шууд нэвчин орж улмаар байгаль экологийн хэвийн бус тогтолцооны сүйрэлд хүргэж болзошгүй.
3. Экологийн сүйрлийн ирмэг
ЖАЙКА-ийн 2013 оны Мастер төлөвлөгөөнд Туул голын усны нөөц хэдийнэ “Бүрэн ашиглалтын дээд цэгтээ” (Maximum Capacity) хүрснийг онцлон тэмдэглэсэн байгаа.
Сануулга: Голын голдирлыг өөрчлөх, эргийг нь бетондох, газар доорх усан сан орчим барилга барих, бусад тэжээдэг голуудыг “хамаагүй оролдох” нь голын өөрөө өөрийгөө цэвэрлэх ариутгах, үерлэх гм чадварыг устгаж, хотыг “биологийн үхэлд” хүргэнэ.
БОДИТ ТОО БАРИМТ: УСНЫ ТҮВШИН ХЭРХЭН ДООШИЛСОН БЭ?
ЖАЙКА болон дотоодын судалгааны байгууллагуудын сүүлийн 30 жилийн мониторингоос үзэхэд:
Усны түвшингийн уналт: Улаанбаатар хотын төв худгуудын орчимд газар доорх усны түвшин сүүлийн 40-50 жилд зарим хэсэгтээ 10-15 метр хүртэл огцом доошилсон байна.
Юүлүүр (Cone of Depression): Усыг хэт ихээр татаж хэрэглэж байгаагаас үүдэн газар доор “аварга том юүлүүр” үүсээд байгаа бөгөөд голын эрэг дагуух олон тооны барилгажилт, бургас хядалт, голд ойр бетон зам, голыг улам бүр хавчиж шахаж буй далан нь энэ юүлүүрийг нөхөх боломжийг хааж байна.
Усны хомсдол 2030: Хэрэв өнөөдрийн байдлаар үргэлжилбэл 2030 он гэхэд Улаанбаатар хот усны хомсдолд албан ёсоор орно гэдгийг ЖАЙКА-ийн 2017 оны тайланд хатуу тэмдэглэн үлдээжээ.
ОЛОН УЛСЫН “ХАТАН” ХУУЛЬ: НИЙТИЙН ИТГЭЛЦЛИЙН НОМЛОЛ
Энэтхэгийн Дээд Шүүхийн шийдвэр (Камал Нат-ын хэрэг, 1997) болон Европын Холбооны Шүүхийн шийдвэрүүд (Герман, 2007) нэг л зүйлийг хэлдэг:
“Төр бол байгалийн баялгийн эзэн биш, харин ард түмний өмнө хариуцлага хүлээсэн ХАРУУЛ юм. Харуул хүн манаж буй баялгаа ‘Хөгжил’ нэрээр сүйтгэх, хувийн компаниудад найр тавих эрхгүй.”
Германы Баварид А94 хурдны замыг барихдаа яагаад асар их мөнгө зарж, голын дээгүүр аварга гүүр барьсан бэ? Учир нь шүүх “Байгаль орчинд учруулах хор хөнөөлгүй өөр хувилбар байхгүй гэдгийг нотлоогүй бол барих эрхгүй” гэсэн шийдвэр гаргасан.
Туул гол бол зөвхөн “амрах, зугаалах газар” биш. Энэ бол таны, миний, бидний үр хүүхдийн, тэдний ирээдүйн хүүхдүүдийн уух цэвэр усны цорын ганц баталгаа.
Шинжлэх ухаан хэлж байна: Эрэг дагуух бетон зам бол одоо байгаа “Амь тариаг” боомилох дүүжлэх үйлдэл.
Хууль хэлж байна: Байгалийн нөөц бол Төрийн дур зоргоороо авирлах өмч биш.
Ирээдүй хойч үе чинь та нараас асууж байна: Өнөөдрийн 20 минутын 37км мөртлөө асар өндөр өртөгтэй ч, чанарын хамгийн муу гүйцэтгэлтэй ххк хийлгэх хурдны замын төлөө маргаашийн мөнхийн ундны усаа золиослох уу?
Эх сурвалж:
JICA (2017) Data Collection Survey on Water Supply Management.
JICA (2013) Ulaanbaatar City Master Plan 2030.
International Court of Justice, Gabcikovo-Nagymaros Case (1997).
Нийтлэлийг бэлтгэсэн: АВРАЛ ОЧИР (Байгаль эхээ чин сэтгэлээсээ хамгаалах иргэний зоригтой монгол хүн бүрт зориулмуй)
43 минутын өмнө
2 цагийн өмнө
2 цагийн өмнө
3 цагийн өмнө
4 цагийн өмнө
2026-04-9
2026-04-8
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.