Засгийн газар: 1.8 сая иргэнд нэг сая хүртэл төгрөгийн ногдол ашиг олгоно

2025-12-31 Засгийн газар


Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх 300 хоногийн төлөвлөгөөг Засгийн газар өнөөдөр /2025.12.31/ баталлаа. Энэхүү төлөвлөгөөний талаар, Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн мэдээлэл хийв.

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн “Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, үр өгөөжийг нь иргэддээ хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөөг өнөөдөр баталлаа. Ажлын төлөвлөгөө дөрвөн гол хэсгээс бүрдэнэ. Нэгдүгээрт, инфляцийн дарамтгүй тогтвортой орлоготой иргэн, хоёрдугаарт, бизнесийн эрх чөлөөг хангах чиглэлийн үйл ажиллагаанууд, гуравдугаарт, хариуцлагатай, санаачилгатай, хэмнэлттэй төр чиглэлийн үйл ажиллагаа, дөрөвдүгээрт сөрөн тэсвэрлэх чадавхтай эдийн засаг гэсэн дөрвөн үндсэн бүрэлдэхүүн хэсэгтэй. Үүнд нийт 80 гаруй ажлыг багтаасан байгаа. Инфляцийн дарамтыг арилгасан болон нийгмийн тодорхой бүлгүүдийн орлогын нэмэгдүүлэх ажлуудыг үүнд тусгасан.
Тухайлбал, малчдын орлогыг тогтвортой байлгах чиглэлд илүү анхаарсан ажлуудыг хийх болно. Малчид малын гаралтай бүтээгдэхүүнийг зах зээлд шууд нийлүүлэх, ноолуурын эрэлтийг тогтвортой байлгах, арьс ширний экспортыг дэмжинэ. Мөн төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхэд анхаарна. Тухайлбал, эмч, багш, шинжлэх ухааны ажилтнуудын цалинг 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс үе шаттайгаар нэмэгдүүлнэ. Мөн НӨАТ-ын шаталсан тогтолцоог нэмэгдүүлэх, буцаалтын хувь хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээнүүд тусгагдсан байгаа.

Үүнээс гадна баялгийн өгөөжийг иргэн бүрт хүртээх арга хэмжээг чухалчилж үзэж байгаа. Тодруулбал, 2012 онд Засгийн газрын 218 тогтоолоор “Эрдэнэс Монгол” ХХК-д давуу эрхтэй хувьцааг Монгол Улсын иргэн бүрт үнэ төлбөргүй эзэмшүүлэх тухай заалтыг тусгасан байдаг.

Гэхдээ өнгөрсөн 14 жилийн хугацаанд давуу эрхтэй хувьцаанаас ногдол ашиг тараагаагүй. Иймд, Бортээг, Олон овоот зэрэг ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар нэн тэргүүнд хуримтлагдсан ашгаасаа хүүхэд, ахмад настан, хөгжлийг бэрхшээлтэй иргэдэд нэг сая хүртэл төгрөгийн ногдол ашгийг үе шаттайгаар олгох шийдвэр гаргалаа. Үүнд 1.8 сая иргэн хамрагдаж байгаа. Үүний 1.3 сая нь 18 хүртэлх насны хүүхдүүд, 400 мянга гаруй нь ахмад настан, 100 мянга гаруй нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна.

Түүнчлэн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа бүх төрлийн тэтгэврийн хэмжээг 80 мянган төгрөгөөр нэмэгдүүлж байна. Ингэснээр бүрэн тэтгэврийн доод хэмжээ 769 мянган төгрөг болж нийгмийн халамжийн сангаас олгож байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тэтгэвэр, тэтгэмжийг 20 хувиар нэмэгдүүлэн, 478 мянган төгрөг болгож байна. Харин бусад тэтгэмжийг 8.6 хувиар нэмэгдүүлсэн. Эдгээр нэмэгдлүүд 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.