Яршиг оо, нэгдсэн журмаар мод толгой барьцгаа

2017-06-24 Нийгэм

Сондгой өнцөг

Зарим хүний инээд нь хүрэх байх л даа. Очиж, очиж хэт, цахиур хоёр байхдаа яахав дээ гэж. Бас нэг хэсэг нь юу байдаг юм бэ, яадаг юм гэж гайхах биз.

Уг нь хэт, цахиур хоёрыг монголчууд олон зууны турш хэрэглэсээр ирсэн амин зуулгынх нь нэг чухал хэрэгсэл байв. Энэ хоёрыг хэрэглэдэг хүн өдгөө бүр нүдний гэм болж. Хааяа монгол дээл өмссөн, хэт хутга зүүсэн, урт цагаан чулуун соруултай гаанс, дүнсэн тамхи хийсэн даалинтай хүн харагддаггийг эс тооцвол тэр шүү.  Гал гаргагч эдгээр багажийг хэр барагийн хүн хэрэглэж үл чадна. Айл гэрийн эзнийг эс тооцвол эзэгтэй нь ч, үр хүүхэд нь ч гал гаргаж чадахгүй. Энэхүү хэрэглэлийг өргөн хэрэглэдэг байсан тухайн үед хүүхэд гал тавина гэж айхгүй сэтгэл амар байсан биз. Хүүхдээ гэртээ уяад орхичихно. Тамхичин хүн тэрүүхэндээ амиа борлуулчихна. Дөл, нурам гарахгүй, гаансных нь толгойд үнс нь үлдчихнэ. Дараа дахин тамхи татахынхаа өмнө гаансны толгойд үлдсэн мөнөөх үнсийг сэтгүүрээр ухаад унагачихна.

Ер нь тэгээд ой хээрийн түймэр гарах нөхцөл үгүй тул эрлээр яваа хүн хээр хонох нь элбэг, цэвэр аятай сайхан. Ийм нэг дүр зураг байсан юм.

Гэтэл, гэтэл үү. Шүдэнз бий болсноор хэт, цахиурын үе ард хоцорч музейд тавигдахад хүрсэн. Нарийн яривал шүдэнз ч хэрэглэгчээ алдаж, асаагуурт зам тавьж өгсөн. Ийм байхад ой хээрийн түймрээс ангид оршино гэж үгүй мэт. Асаахад амар ч, дөл нь өнцөр. Зарим хүн хөмсөгөө шатаахад хүрсэн байхыг үгүйсгэхгүй. Дөл хүчтэй салхинд хийсч өөр газар бууж, гал үүсгэдгийг бид мэднэ. Үүнийг ялангуяа, ойн оройн түймэр унтрааж үзсэн хүн сайн мэднэ.

Бид өөр хоорондоо ярилцаж суухдаа “хүүхэд хутга, шөвөг, шүдэнз гурвын алинийг нь ч бариулж болохгүй” гэдэгсэн. Энэ үнэн үг юм шүү. Ялангуяа галаас, гал гаргагчаас хол хөндий байлгах хэрэгтэй гэж сургамжилдаг. Энэ бүхэн нь амьдралын туршлага, мэдрэмжээс олж авсан сургаал юм.

Бид галын аюулаас болгоомжилж, галын аюултай бүс, гал усны гамшиг их гээд л бишгүй олонтаа сэрэмжлүүлж, уриа лоозон хэлдэг. Гэтэл ой хээрийн болон гэр ахуйн түймэрт их хэмжээгээр өртөх юм. Иймээс гал гаргагч нь цомхон цөөн, гал өдөөгч нь гэнэтийн биш оч төдий гаргадаг хэт, цахиурыг хэрэглэвэл яасан юм гэх санал тавьж байна. Зөв санал биш үү. Мартагдсан дээрх хэрэглэлийг сэргээж нэг үзье. Осол нь ч бага юм.

Болгоомжгүй нэгний балгаар хэдэн мянган ойн нөөцөө галд өрдөж, үүлэнд зориудаар нөлөөлж хур буулгаж эдийн засгаараа “шатаж” байхаар тамхичид аа, нэгдсэн журмаар мод толгой бэлдэцгээ…

Өнөөдрийн онч үг

1 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.