О.Уламсайхан: Биднийг Эүүгийн хуулийн 19.9.1 буюу Үндэсний эв нэгдлийг бусниулсан гэсэн шалтгаанаар шалгаж байна гэсэн

2025-03-18 Мэдээ, мэдээлэл

Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч шөнө noorog.mn сайтын редакцад шалгалт явуулж, техник хэрэгслийг нь битүүмжлэн, ажилтнуудаас нь байцаалт авчээ. Энэ талаар тус сайтын гүйцэтгэх захирал О.Уламсайхан дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас урьд шөнө 21.00 цагийн үед бидний байгаа газарт ирсэн. Ингээд бүх холбоо барих хэрэгслийг хурааж аваад, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт авчирсан. Бид энэ үед өмгөөлөгчтэй холбогдох гэсэн боловч боломж байгаагүй. Ямар үндэслэлээр ингэж байгааг нь асуухад “Та нарын хийдэг ажилтай холбоотой” гэж хэлсэн. Аан мөн Эүүгийн хуулийн 19.9.1 буюу Үндэсний эв нэгдлийг бусниулсан гэсэн шалтгаанаар шалгаж байна гэсэн.

Бид өмнө нь арванхоёрдугаар сарын 31-ний өдөр Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт ирж байсан. Гомдол гаргагч нь чатаар Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хандаж, бидний хийдэг бичлэгээс болж хүн амиа хорлох гээд байна гэж мэдүүлсэн байгаа юм.

Мөн MCS-тэй хамтардаг гэсэн мэдээлэл гарсан байна. Бид тэдэнтэй хамтарч ажиллаж байсан. Монголд MCS, АПУ-ийн дүрсийг авч байгаагүй газар гэж байхгүй байх. Ингэж л маркетинг хийдэг.

“Ноорог” бол шинэ, залуу баг. Бидэнд сонгууль маш чухал үйл явдал байсан. Бид сурталчилгааны хугацаанд аль нэг нэр дэвшигч эсвэл намыг биш, энгийн зургаан хүнийг дагаж ажилласан. Ингэхдээ бид киногоороо тухайн тойрогт ухуулагч нар яаж ажиллаж байна, сонгогчдын боловсрол ямар байна гэдгийг л харуулах гэж зорьсон.

Бид киногоо бүтээхдээ 80 орчим сая төгрөг гаргасан. Үүний 30 гаруй сая нь олон нийтийн хандиваас боссон.

Нэмж хэлэхэд, манай оффисоос хураасан эд зүйлсийн жагсаалтыг бидэнд өгөөгүй. Гар утас, хувийн эд зүйлсийг хурааж авсан. Зарим хүмүүсээс холбогдох хэрэгслийнх нь кодыг асууж байгаад, хувийн мэдээллийг нь харсан. Хоорондоо юм ярихыг хориглосон” гэлээ.

Өнөөдрийн онч үг

6 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.