“Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авахаар болж, намрын чуулганыг өндөрлүүллээ

2017-02-10 Парламент

Чуулганы танхимаас

УИХ-ын чуулганы баасан гаригийн /2017.02.10/нэгдсэн хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн худалдан авалттай холбоотой асуудлыг хэлэлцээд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос оруулж ирсэн саналын томъёоллоор санал хураалган гишүүдийн 80.3 хувь нь дэмжсэнээр УИХ-аас тогтоол баталлаа.

Ингэснээр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн мэдэлд шилжүүлэн авах шийдвэр гаргалаа. Ийнхүү тогтоолд УИХ-аас гаргасан энэхүү шийдвэрийг Засгийн газар хэрэгжүүлж ажиллахыг үүрэгдэв.

Ийнхүү 20:10 цагт УИХ-ын намрын чуулганыг өндөрлүүллээ. УИХ-ын дарга М.Энхболд намрын чуулганыг хааж хэлсэн үгэндээ эдийн засагт нааштай үр дүнгүүд харагдаж эхэлснийг онцоллоо. Тухайлбал, валютын нөөц 1.3 тэрбум болж, ханшийн огцом өсөлтийг бууруулах нөхцөл бүрдсэн байна. Үүнээс илүү сайжруулж чадах эсэх нь УИХ, Засгийн газрын цаашдын үйл ажиллагаанаас хамаарна.

УИХ намрын чуулганы хугацаанд нийгмийн халамжийн асуудалд онцгой анхаарч, холбогдох хуулиудыг баталжээ. Тухайлбал, сар шинийн өмнө 122 мянган ахмад настан тэтгэврээс гадна насны хишиг хүртэх болж байгаа аж. Үүнд 20.5 тэрбум төгрөг зарцуулна.

Тэтгэврийн зээлийн хүү жилийнх нь 18 хувь байсан бол 15 болгосон. Цаашид ч тэтгэврийн зээлийн хүүг бууруулахыг хичээж ажиллах ёстой гэлээ.

Мөн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах асуудлыг хэлэлцэх болоход УИХ-ын ээлжит бус чуулганыг хэдийд зарлан хуралдуулах боломжтой гэсэн юм.

Эргэн сануулахад, өнөөдрийн чуулганаар “Эрдэнэт” үйлдвэрийн асуудалтай холбогдуулж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байр сууриа илэрхийлсэн юм.

Тэрбээр “УИХ гэдэг бол Монголын төлөө зөвшилцөж ойлголцож асуудал шийддэг газар. Өнөөдөр яригдаж байгаа асуудлаар шийдвэр гаргах нь. Эхлээд нэг, хоёр гишүүний мэдэгдэл байсан бол одоо шийдвэр болох нь. Бид биенээ маажаад муулаад, биенээ дийлж байгаа мэт дүр үзүүлээд урагшилж чадахгүй.

Долдугаар сарын 10-нд МҮОНТ-д өгсөн ярилцлагадаа би маш тодорхой байр сууриа илэрхийлсэн. Шинэ УИХ эхний өдрийнхөө хуралдаанаар “Эрдэнэт”-ийн асуудлыг хэлэлцэх ёстой гэж.

1990 оноос хойш энэ УИХ, Засгийн газар хамгийн түрүүнд бүрдсэн. Гэтэл одоо долоон сарын дараа ярьж байгаа. Монгол Улсын нийтлэг эрх ашигт нийцэхгүй шийдвэр гаргах гэж байна.

Энэ асуудлаар нээлттэй сонсгол хий гэж би хэлсэн. Нээлттэй сонсгол хийгээгүй.

Тал, талаасаа ярилцаад асууж тодруулаад байхад тодорхой ойлголцолд хүрэх байх гэж найдсан. Нээлттэй сонсгол яваагүй.

Засгийн газар бүрдэнгүүтээ “Эрдэнэт”-д шинэ удирдлагаа томилж, 51 нь 51 шиг, 49 нь 49 шигээ байх ёстой.

Хууль дүрэм зөрчсөн бол хуулийн байгууллагаараа шалгуулах ёстой гэдэг байр суурь би илэрхийлж байсан.

“Эрдэнэт”-ийг 30 жил ажиллана гэж тэр үеийн мэргэжилтнүүд тооцсон. Өнөөдөр 39 дэх жилдээ ажиллаж байна. Гэхдээ 600 орчим сая долларын асуудал байна. Тоног төхөөрөмж хөрөнгө оруулалт маш их шаардаж байгаа. Үүнд 500 сая ам.доллар хэрэгтэй байгаа, өмнөх шигээ ажиллахын тулд. Одоо энэ үйлдвэрийн хаалт хөгжлийн тухай ярих ёстой болсон.

“Эрдэнэт” үйлдвэрийн зэс хайлуулах үйлдвэр байгуулах ёстой гэж шаардах ёстой.

Баялаг нь дуусаад ирэхэд өөр шинэ үйлдвэртэй болсон байх ёстой. Энийг 49, 51 хувиас шаардах ёстой.

Гэтэл энэ зүйлүүд явахгүй байна. Монголынхоо төлөө санаа зовсондоо орж ирлээ.

Та бүхний үгээр дэлхий хүлээж авахгүй. Уран цэцэн үг хэлж байгаа. Дэлхий нийт нэг л үг хэлнэ. Монголын эрх баригчид хувийн өмчийг нийгэмчиллээ л гэж хэлнэ” хэмээсэн юм.

Түүнчлэн уг тогтоолын хэлэлцүүлгийн үеэр өрнөсөн зарим асуудлыг хүргэж байна.

Ажлын хэсгийн гишүүн Ц.Нямдорж:

-Монголбанк зээл өгөх эрхгүй, тэгсэн хэрнээ 360 тэрбум төгрөг олгосон. Энэнээс суутгаж болно, 220-иод сая ам.доллар байна.  Хугацааг нь 2020 он хүртэл сунгачихсан зээлүүд байна. Монголбанкнаас өгсөн мөнгийг эд нараас авах ёстой юм байгаа биз дээ.  Тухайн үеийн УИХ-ын дарга байсан З.Энхболд саяхан “Би үүнийг огт мэдээгүй, Ч.Сайханбилэгийг мэдэгдэл хийхэд нь мэдсэн” гэж хэлсэн шүү.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:

-Бараг долоон сар орчим ярьж байна. 49 хувийг “Монгол зэс” компанид өгсөн хүмүүс ямар ч хууль зөрчөөгүй гэдэг. Ажлын хэсэг хууль зөрчсөн гэдэг дүгнэлт гаргачихсан.  Үндсэн хууль, Компанийн хууль, Засгийн газрын тухай хууль, Төрийн ба орон нутгийн өмчийн хуулийг зөрчсөн гээд цаашаа явах нь. Засгийн газар зайлшгүй УИХ-тай зөвшилцөнө.  УИХ ард түмний өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлж байгаа. Ажлын хэсгийн дүгнэлттэй санал нэг байгаа.

Ажлын хэсэг нэлээд удаан ажилласан. Хариулт өгөөч. УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр явуулж болно гэдэг заалт Монголын хуульд байна уу.

Банк өөрийнхөө 20-иос ч илүүгүй хувиар арилжаанд орох ёстой гэсэн заалт бий. Гэтэл Худалдаа хөгжлийн банк хэд, хэдэн үйлдлээр өөр, өөр компаниудад зээл өгөөд тэр нь “Эрдэнэт”-ийн төлбөр рүү явсан. Хэдэн хувь болж байна вэ.

Ажлын хэсгийн гишүүн Ц.Нямдорж:

-Олон улсын гэрээ гэдгийг Засгийн газар хүлээн зөвшөөрөөд хэлэлцээрүүдийг хүчингүй болгох асуудлыг УИХ-д танилцуул гээд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад үүрэг болгосон. УИХ руу оруулаад энэ гэрээ цаашдаа хүчинтэй байх юм уу, хүчингүй байх юм уу гэдгийг шийдэх ёстой байсан. Асуудлыг хэлэлцэх үед Засгийн газрын хуулийн ажилтнууд бүгд хэлсэн байна лээ. Эхлээд УИХ-аар хэлэлцүүлэх ёстой гэж. Тэгэхээр өөрсдөө УИХ-аар оруулах ёстой гэдгийг хүлээн зөвшөөрсөн байгаа юм. Гэхдээ чуулган завсарласан гэдэг үг шургуулчихсан байна лээ.

60-70 сая  ам.долларын асуудал яваад байсан. Банкны хуульд нэг хуулийн этгээдэд өгөх зээлийн хэмжээ нь тухайн банкны өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтэрч болохгүй. Тэрийг зөрчөөгүй болгож харагдуулахын тулд ийм зээл гаргасан.  400 сая ам.долларын 300 сая ам.доллар нь яг ийм мөнгө. Зээл аваад байгаа компаниуд эсвэл н.Эрдэнэбилэгийн компани, эсвэл түүний ажилтнуудын компани байгаа. Хязгаарлалтад орох ёстой л мөнгө болж таараад байгаа юм даа. Нэг банкных нь 99 хувь, нөгөө банкных нь 93 хувийг н.Эрдэнэбилэг эзэмшдэг.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр:

-Хууль зүйн сайд “Эрдэнэт”-тэй холбоотой асуудал нь албан тушаалаа хэтрүүлсэн байж мэдэх шинжтэй байна, шалгаж өгнө үү гээд Авлигатай тэмцэх газарт хандсан. Нийслэлийн прокуророос 2017 оны нэгдүгээр сарын 17-нд гэмт хэргийн шинжгүй байна гэдэг шийдвэрийг Хууль зүй дотоод хэргийн яаманд ирүүлсэн. Энэ шийдвэр нь 20-иод хоногийн дараа ирсэн байгаа.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Хулгайтай тэмцэхэд намчирхах шаардлагагүй. Тийм учраас ажлын хэсэгт багтаж ажилласан. Үүнийхээ төлөө Ж.Батзандан олон өдөр баалуулсан. Энэ ганцхан Эрдэнэтийн асуудал биш. Олон ордуудын Монголын ард түмний хувь заяаны асуудал. Ардчилсан намын бүлгээр энэ асуудлыг ярихад “Ардын намынхан 49 хувийг шударгаар ярьж байна, С.Баярын 51 хувийг ярих байх аа” гэж баалж байгаа. Ардын нам Засаг барьж байхдаа Монголын олон том ордуудыг хулгайн замаар оруулсан. Ж.Батзандантайгаа хамт ажлын хэсэг байгуулаад хулгайтай тэмцэх ажлаа эрчимжүүлээрэй гэж хэлье.  Худалдаа хөгжлийн банк хэрээс хэтэрсэн. Сахал Эрдэнэбилэг зүүн гартаа Худалдаа хөгжлийн банктай, баруун гартаа Улаанбаатар банктай. Хуучин цагт Манжийн амбан бичиг ирүүлж, Монголын ноёдыг айлгадаг байсан. Одоо Оросын нэг компаниас бичиг ирүүлж айлгах гэж байна. Хууль зүйн байнгын хорооноос дүгнэлтээ гаргасан, эх оронч гишүүд тогтоолыг баталж, ард түмний эрх ашгийг шударга ёсыг хангасан шийдвэр гаргаж өгнө гэдэгт итгэж байгаагаа илэрхийлье.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

Өнөөдрийн тогтоолыг ялын тогтоол шиг оруулж ирж байгаад харамсаж байна. Гүйцэтгэх засаглалыг ялласан, хувийн хэвшлийг, арилжааны банкийг ялласан тогтоол. Бусдын өмчийг нийгэмчлэх тогтоол. 1930-аад оны үеийн феодалын өмчийг хураасан шиг юм болж байна. Цаг хугацаа энэ бүх зүйлийг шүүж гаргах байх. “Эрдэнэт” хязгаарлагдмал хариуцлагатай компани. Гэтэл одоо улсын өмч нэрийн дор улсын үйлдвэр байгуулах гэж байна. Хэрвээ бид гоомой хандах юм бол Монгол Улс болон ОХУ-ын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх асуудал үүсэж болзошгүй. Ингэж шийдсэний дараа эдийн засаг, банк санхүүгийн салбарт ямар асуудал үүсэх вэ гэдгийг тооцсон зүйл байна уу?

Ажлын хэсгийн гишүүн Ц.Нямдорж:

“Ростех” хувьцаа эзэмшигч. Хуучин хоёр улсын Төрийн өмчийн хороо байсан. Хоёрдугаар сарын 9-нд гэсэн бичиг байна. Ардын намын бүлэг уржигдар хуралдаад ийм тогтоол гаргах нь зүйтэй гэж үзсэн. Өнгөрсөн оны зургадугаар сарын 13-нд Загийн газар тогтоол гаргахад ОХУ-аас яг ийм бичиг ирсэн байсан. Монгол Улсын Ерөнхий сайдтай Гадаад улсын Ерөнхий сайд л харилцах ёстой. Харилцах шаардлага байгаа юм бол сайд нь Гадаад харилцааны яамаар дамжуулаад харилцах ёстой. Нийгэмчилсэн, хувийн өмч рүү халдаад байгаа юм байхгүй. Авсан 49 хувиа нээлттэй зарлаад хувьчилсан бол болох л байсан. Сонгууль болохоос нэгхэн хоногийн өмнө мэдэгддэг нь ямар учиртай билээ. Хууль зөрчсөнөө та нар хүлээн зөвшөөрсөн. Хууль зөрчихөд цаг хугацааны хүчин зүйл байдаггүй юм. Хуульд ингээд заачихсан байдаг. Нийгэмчиллээ гэж сүржин үг хэлээд байна. Шударга хөдөлмөрөөр босгосон бизнесийг нийгэмчлэх асуудал байхгүй, хамгаалж явсан.

Ийнхүү гишүүд уг тогтоолыг батлахад нэлээд ам муруйж, чамлалтгүй их хугацаа зарцуулж, эцэст нь ийнхүү “Эрдэнэт” үйлдвэрийн хувь заяа төрийн мэдэлд шилжлээ.

А.Уянга

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.