Сураггүй болсон хоёр уулчныг эрин хайх ажиллагаа үргэлжилж, ар гэрийнх нь Непальд очжээ

2024-05-16 Мэдээ, мэдээлэл


Дэлхийн дээвэр Эверестийн оргилыг зорьсон хоёр монгол уулчин 8000 метрийн өндөрт сураггүй алга болсон тухай мэдээ хоёр хоногийн өмнө /2024.05.14/ цацагдсан. Тодруулбал, Ц.Өсөхбаяр, Л.Пүрэвсүрэн нар Эверестийн хамгийн өндөрт байрлах дөрөвдүгээр баазаас гараад сураггүй болоод байгаа юм.

Хамгийн сүүлд авсан мэдээллээр холбогдох албад эрлийн ажиллагааг үргэлжлүүлсээр байна. Мөн сураггүй болсон хоёр уулчны ар гэрийн таван хүн урьд шөнө Непальд ирсэн мэдээтэй. Одоогийн байдлаар үндсэн отог дээр эрүүл мэндийн улмаас авиралтаа үргэлжлүүлэх боломжгүй болж, үлдсэн уулчин Д.Отгонхүү байгаа аж.

Дашрамд дуулгахад, Ц.Өсөхбаяр, Л.Пүрэвсүрэн нар хамгийн сүүлд өнгөрсөн Ням гаригийн 19.30 цагт дөрөвдүгээр баазаас хөдөлж, Эверестийн оргил руу гарахаасаа өмнө уулын бэлд байрлах төв баазтай радиогоор холбогджээ. Уулчид Даваа гаригийн өглөө оргилд гарахаар төлөвлөж байсан ч төв баазтай дахин холбоо бариагүй. Уулчдын холбооноос сураг гарсан даруйд мэдээлэл өгнө гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.