ХЭҮК галд өртсөн орон сууцны оршин суугчдын төлөөлөлтэй уулзжээ

2024-01-29 Мэдээ, мэдээлэл
ХЭҮК галд өртсөн орон сууцны оршин суугчдын төлөөлөлтэй уулзжээ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны “Дүнжингарав” худалдааны төвийн автозамын уулзвар орчимд гарсан галд өртсөн орон сууцны оршин суугчдын эрүүл мэнд, орон байр, ахуй амьжиргааны нөхцөл байдал, иргэдийн эрхийг хамгаалахад ХЭҮК хяналт тавин ажиллаж байна. 

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Комиссын дарга Д.Сүнжид, Хяналт шалгалт хариуцсан ахлах рeфeрeнт Б.Мөнх-Эрдэнэ, Олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Дэлгэрноров нарын бүрэлдэхүүн 2024 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр оршин суугчдын төлөөлөлтэй уулзаж, тулгарсан хүндрэл бэрхшээлийн талаар ярилцаж, санал хүсэлтийг хүлээн авлаа.

Уулзалтын үеэр иргэдийн төлөөллийн зүгээс Комиссоос дараах хүсэлтийг уламжилсан юм.

Үүнд:  

1. Төрийн эрх бүхий байгууллагаас тухайн асуудалтай холбоотой явуулж буй үйл ажиллагаанд Комисс хөндлөнгийн хяналт хэрэгжүүлэх.

2. Орон сууц түрээслэх хөрөнгийг шийдэх процессыг тодорхой болгож мэдээлэл түгээх, төрөөс тодорхой хугацааны түрээсийн төлбөр төлөх тухай баталгааны хуудас, эсхүл баталгаажуулсан түр баримт бичиг олгох.

3. Хөрөнгөний үнэлгээ хийлгэх зардлыг хохирогч нараас бус өөр байдлаар шийдвэрлэх талаар уламжлах.

4. Гал гарсан газрын ойр орчмын хотхон, байрны оршин суугчид, иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эсэх, химийн хортой бодисын дэгдэлт байгаа эсэх, хоруу чанарын талаар болон галд өртсөн байр, мөн доторх эд хөрөнгө, бусад зүйлсийг цаашид ашиглаж, хэрэглэж болох эсэх талаар мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулах асуудлыг уламжлах.

5. Галд шатсан машины хохирлыг даатгалаас үл хамааран шийдвэрлүүлэх.

6. Албан бус салбарт хөдөлмөр эрхэлдэг иргэдийн тасалдаж буй амьжиргааны орлого дэмжих талаар холбогдох арга хэмжээг зохих байгууллагад уламжлах зэрэг хүсэлтийг илэрхийлжээ.

Комиссын төлөөлөл иргэдийн дээрх хүсэлт, саналын дагуу Комиссоос хуульд заасан чиг үүргийн хүрээнд холбогдох байгууллагад уламжилж шийдвэрлүүлэхэд анхаарч ажиллана гэв.

facebook sharing button

Өнөөдрийн онч үг

17 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.