Угаартсан алба хаагч амьсгалын төхөөрөмжөө өмсөхдөө утаа залгисан

2024-01-25 Мэдээ, мэдээлэл


Дорнод аймгийн Хэрлэн сумын Гуравдугаар баг хуучнаар Намын хорооны зүүн талд байрлах нийтийн байранд өчигдөр /2024.01.24/ гал гарч, онцгой байдлын нэг алба хаагч угаартжээ.

Ахуйн гал түймрийг унтраахаар ажиллаж байсан Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн нэг алба хаагч утаат орчинд угаартсаныг эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж, биеийн байдал нь тогтворжсон байна.

Энэ талаар ОБЕГ-аас “Дорнод аймгийн Хэрлэн суманд гарсан гал түймрийн үеэр Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн нэг алба хаагч утаат орчинд угаартсан. Энэ үнэн. Гал унтраахаар үйл ажиллагаа маань эхлээд нөхцөл байдлын дүгнэлт хийдэг. Салааны алба хаагч галын голомт руу орохдоо амьсгалын бие даасан төхөөрөмжөө өмсөхдөө утаа залгисан байсан. Тэрнээс биш ямар нэгэн хамгаалах хэрэгсэлгүйгээр ажиллаж асуудал байхгүй. Одоо алба хаагчийн биеийн байдал сайн, ажлаа хэвийн хийж байгаа” гэсэн юм.

Нийтийн байранд хоёр айл амьдарч байсан бөгөөд нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж, хүний амь нас эрсдээгүй гэдгийг орон нутгаас мэдээлжээ. Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлөөс тус өрхүүдийн хүүхдийн сэтгэлзүйн байдлыг газар дээр нь үнэлж, цаашид хамтарсан баг ажилласан бол аймгийн Онцгой комиссоос гэр, сууцаар хангах асуудлыг шийдвэрлэж, дэмжлэг үзүүлж ажиллажээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.