“Нүүрсний” хэрэгтэй холбоотой 96 хүн, 2 хуулийн этгээдийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

2023-12-5 Мэдээ, мэдээлэл


Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийн ажлын хэсэг 2022 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр байгуулагдсанаас хойш хэрэг бүртгэлтийн 82 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон 156 хүн, гурван хуулийн этгээдийг яллагдагчаар татан, мөрдөн байцаалтын 38 хэргийг шалгажээ.

Тухайлбал, улс төрд нөлөө бүхий 13, Хил, Гааль, Авто тээврийн үндэсний төв, Төрийн өмчит үйлдвэрийн газрын удирдах, гүйцэтгэх албан тушаалтан 90, хувийн компанийн захирал, менежер, хувиараа нүүрс тээвэрлэгч 49, гадаад улсын 4 иргэн яллагдагчаар татагдсан байна.

Үүнээс 96 хүн, хоёр хуулийн этгээдэд холбогдох 12 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснээс анхан шатны шүүх долоон хэргийг хянан шийдвэрлэж, хоёр хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаажээ.

Тодруулбал, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Цогтцэций салбарын дарга С.Д нарын таван хүн, Онцгой байдлын ерөнхий газрын хяналтын мэргэжилтэн Н.Х нарын найман хүн, Автотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга К.А нарын таван хүн, Хилийн 0131 дүгээр ангийн Гашуунсухайт боомтын хилийн аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх албаны орлогч Ж.Д нарын найман хүн, Гашуунсухайт дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ц.Т нарын 22 хүн, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн ахлах мэргэжилтэн З.Б нарын хоёр хүн, “Эрдэнэсилвер” ХК-ийн захирал Т.М нарын зургаан хүнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээс тус тус шийтгэх тогтоолоор шийдвэрлэж, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Тээврийн хэрэгслийн бүртгэл, техникийн хяналт, мэдээлэл технологи хариуцсан дэд захирал Б.Б нарын дөрвөн хүн, “Хилийн цэргийн 0303 дугаар ангийн хангалт хариуцсан орлогч Б.Д нарын 22 хүн, хоёр хуулийн этгээдэд холбогдох хэргийг прокурорт буцаасан байна.

Харин УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ганхуяг нарын 11 хүн, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нар, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ш.Ц нарт холбогдох гурван хэрэг шүүхийн шатанд хянагдаж байна.

Одоо ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 33, мөрдөн байцаалтын 16 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай ирүүлсэн гурван хэргийг прокурор хянаж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.