Шатахууны үнийн өсөлтийг дэлхийн зах зээл рүү чихлээ

2017-02-9 Нийтлэл

Нефть импортлогч компаниуд шатахууныхаа үнийг литр тутамд 100 төгрөгөөр өсгөөд байна. Үүнтэй холбогдуулж холбогдох албаны хүмүүсээс тодрууллаа. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого, зохицуулалтын газрын дарга Ч.Цоодол “Нефтийн компаниуд хилийн үнэ болон валютын ханшийн өсөлттэй холбоотой шатахууны үнээ нэмэгдүүлж байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт баруун таван аймаг шатахууны үнэ литр тутам 100-150 төгрөгөөр нэмэгдсэн. Засгийн газраас шатахуунд онцгой албан татвар ноогдуулдаг. Үүгээрээ дамжуулаад шатахууны жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах зохицуулалт хийгээд явж байгаа. Хамгийн сүүлд өнгөрсөн сарын 13-ны өдрийн үнийн зөвлөлийн хурлаар жижиглэнгийн үнийг авч хэлэлцсэн. Энэ хурал дээр 90-ээс доош октантай шатахууны онцгой татварын хэмжээг 160 мянгаас 50.000, 90-ээс дээш октантай бол 160 мянгаас 30.000, дизель түлшний хувьд 180 мянгаас 70.000 төгрөг болгож тус тус бууруулсан. Орон нутагт шатахууны үнэ өссөн асуудлаар хяналт шалгалтын баг томилогдоод ажиллаж байна” гэсэн юм. Уул уурхайн яамны хувьд дэлхийн зах зээл дэх нефтийн үнэ өссөн тул шатахууны үнэ нэмэх шалтгаан болсон гэх тайлбар өгч байна. Харин Ашигт малтмал газрын тосны газраас ямар нэг тайлбар хийсэнгүй.

Дэлхийн нефтийн үнэ тогтвортой байна

Хэдхэн хоногийн өмнө Ашигт малтмал, газрын тосны газрын холбогдох удирдлагууд дэлхийн зах зээл дээр баррель нефтийн үнэ 60 ам.долларт тогтвортой хадгалагдвал онцгой албан татварыг хөдөлгөх шаардлагагүй хэмээж байсан. Өөрөөр хэлбэл, шатахууны ханшийг өсгөх шаардлага үүсэхгүй хэмээн тайлбарлаж байсан юм. Иймээс Bloomberg.com сайтаас нефтийн үнийн хэлбэлзлийг сонирхлоо. Өнөөгийн байдлаар дэлхийн зах зээл дээр баррель нефтийн үнэ 56 орчим ам.долларт хэлбэлзэж байна. Өнгөрсөн онд нефтийн ханш харьцангуй хямд байсан аж. Хамгийн бага үе нь өнгөрсөн оны нэгдүгээр сард 29 орчим ам.доллар байсан байна. Түүнээс хойш тасралтгүй өссөөр иржээ. Гэхдээ ханшийн хэлбэлзэл 40-50 ам.долларт хэлбэлзэж байгаад оны эцэст 54-56 ам.долларт тогтвортой хадгалагдах болжээ. Олон улсын судалгааны байгууллагуудын мэдээлж байгаагаар энэ онд нефтийн үнэ 60 орчим ам.долларт тогтвортой хадгалагдах магадлалтай байгаа аж. Дашрамд сануулахад, АМГТ-аас шатахууны ханш тогтвортой байх боломжтой тухай, мөн онцгой албан татварын талаар мэдээлэл хийх үед дэлхийн зах зээлд нефтийн ханш 55 орчим ам.долларт хэлбэлзэж байжээ.

Тогтмол ханшаар ам.доллар авдаг

Нефть импортлогч компаниуд ам.долларыг давуу нөхцөлтэй авдаг. Өөрөөр хэлбэл, орж ирсэн валютын нөөцөөс хамгийн эхэнд нефть импортлогч компаниудын хэрэгцээнд нийлүүлж, үлдсэнийг нь бусад салбарын хэрэгцээнд зориулж байна. Ингэхдээ нефть импортлогчид ам.долларыг тогтмол ханшаар худалдан авч байгаа. Тодруулбал, нэг ам.долларыг 1470 орчим төгрөгөөр авч байна. Энэ тухай Монголын банкуудын холбооны ерөнхийлөгч О.Орхон “Өнөөдөр томоохон хэмжээгээр валют оруулж ирж байгаа нь Эрдэнэт үйлдвэр, Оюутолгой хоёр л байна. Сардаа нийлээд 40-50 сая ам.доллар оруулж ирдэг. Үүний ихэнх хувийг нефть импортлогчид шууд худалдаад авчихаж байна. Үлдсэнийг нь импортын бусад үйл ажиллагаа, барилгын материал, идэж уух, өмсөж зүүх зүйлд гарч байна” хэмээн хэлж байсан юм.

Шатахуун ханш бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлнө

Манай улсын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний ханш шатахууны үнийн өсөлтөөс ихээхэн хамааралтай, эмзэг байдаг. Дэлхийн зах зээл дээр нефть бүтээгдэхүүний ханш 2014 оны дундаас хойш огцом буурч эхэлсэн байна. Тухайн үед баррель нефть 100 гаруй ам.доллар давж байсан бол өнгөрсөн оны нэгдүгээр сард хамгийн доод түвшиндээ буюу 28 ам.долларт хүрсэн. Түүнээс хойш ялимгүй өссөөр 56 орчим ам.долларт хадгалагдах болжээ. Тиймээс сүүлийн 2-3 жилийн хугацаанд шатахууны ханш тогтвортой байсан тул инфляцид үзүүлэх нөлөөллийг тооцсон дорвитой судалгаа хийгдээгүй аж. Гэхдээ шатахууны үнийн өсөлтөөс ямар бараа бүтээгдэхүүний ханш илүү хамааралтай болохыг харж болно.

Төв банкны хамгийн сүүлд хийсэн томоохон судалгаагаар хүнсний бараа, тээвэр, эм тариа эмнэлэг болон боловсролын үйлчилгээ, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үнэ хамгийн мэдрэмтгий байдаг аж. Судалгаагаар нийт бараа, үйлчилгээний ердөө 10 хувьд нь шатахууны үнийн өсөлтийн нөлөөлөл илрээгүй байна. Тухайлбал, оператор компаниудын үйлчилгээний (ярианы тариф) тариф, мөн техник технологийн хөгжлийн ачаар өртөг нь буурч байгаа бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний ханш өсөөгүй аж. Шатахууны үнийн өсөлтийн үзүүлэх нөлөө харилцан адилгүй байна. Жишээ нь шатахууны үнэ өсөхтэй хүнсний бүтээгдэхүүн, тээврийн ханш шууд нэмэгддэг. Судалгаагаар шатахууны үнийн өсөлтөөс хамгийн их хамааралтай дараах төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ байна. Үүнд гурилан бүтээгдэхүүн, цагаан будаа, мах, сүү, өндөг, ургамлын тос, жимс, хүнсний ногоо, элсэн чихэр, жимсний чанамал, чихэр шоколад, хувцас, орон сууц, цахилгаан, ус, тавилга, гал тогооны хэрэгсэл, эм эмнэлгийн үйлчилгээ зэргийг дурдаж болно. Өөрөөр хэлбэл, иргэдийн өдөр тутмын хэрэглээг хангах бүхий л бараа, үйлчилгээний үнэ шатахууны үнийн өсөлтөөс болж нэмэгддэг гэсэн үг. Өнгөрсөн жил мах, хүнсний ногооны үнийн бууралтаас хамаарч дифялци үүссэн. Тэгвэл шатахууны үнэ өссөнөөр мах, хүнсний ногооны үнэд нөлөөлж инфляцийг нэмэгдүүлэх суурь шалтгаан болно гэдэгт эдийн засагчид итгэлтэй байна.

Г.Батзориг

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.