Б.Жавхлан: 2024 онд 4.9 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 692 төслийг шинээр эхлүүлнэ

2023-11-15 Засгийн газар


Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл хийлээ. Тэрбээр “Өнгөрсөн долоо хоногт төсөв батлагдсан. Үүнтэй холбогдуулан, төрийн худалдан авах үйл ажиллагааны дагуу шинээр батлагдсан төсөл хөтөлбөрүүдийн тендерүүд зарлагдана. Ингэснээр ирэх жилийн их бүтээн байгуулалтын ажлууд эхэлнэ гэж ойлгож болно. 2024 оны төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 4.9 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 692 шинэ төсөл арга хэмжээ эхэлнэ” гэлээ.

2024 онд шинээр эхлэх хөрөнгө оруулалтын төслүүдийн хамгийн их зардалтай төслүүд нь зам, тээврийн салбарт харьяалагдаж байна.

Зам тээврийн салбарт 1.5 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 80 төсөл арга хэмжээ,
Боловсролын салбарт 977 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 173 төсөл арга хэмжээ,
Соёлын салбарт 153.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 44 төсөл арга хэмжээ,
Барилга, хот байгуулалтын салбарт 423.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 59 төсөл арга хэмжээ.
Эрчим хүчний салбарт 202.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 35 төсөл арга хэмжээ.
Эрүүл мэндийн салбарт 398.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 784 төсөл арга хэмжээ.

Шинээр эхлүүлэх хөрөнгө оруулалтын төслүүдийн тендерийг төсвийн жил эхэлсний дараа зарладаг байлаа. Гэвч энэ нь ажил удаашрахад нөлөөлдөг гэж үзсэн учраас төсөв батлагдсан даруй буюу он гарахаас өмнө тендер зарладаг болсон юм.

Өнөөдрийн онч үг

21 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.