Наадмын нээлт, хаалтыг “Эв мөнхийн тусгаар Монгол” агуулгаар хийнэ

2023-06-30 Мэдээ, мэдээлэл

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Урлаг соёлын арга хэмжээний салбар хорооны дарга М.Батбаяр наадмын үеэр зохион байгуулах ажлын талаарх мэдээллийг өглөө.

Тэрбээр “Соёл урлагийн салбар хороо Үндэсний их баяр наадмын үеэр зохион байгуулдаг найман үйл ажиллагааг хариуцан ажилладаг. Наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаа болон Төрийн хүндэтгэлийн концертыг зохион байгуулах ерөнхий найруулагчаар “Скин энтертайнмент”-ын найруулагч Б.Анарыг томилсон. Энэ жилийн наадмыг “Эв мөнхийн тусгаар Монгол” нэрийн дор зохион байгуулна. Энэ нь эвийн хүчээр мөнхөд тусгаар Монгол оршихыг бэлгэдэж буй.

Үндэсний их баяр наадмыг угтан “Монгол бахархал” гэрэл зургийн үзэсгэлэнг Чингис хаан музейд долоодугаар сарын 7-15-нд зохион байгуулна. Үндэсний хувцасны “Дээлтэй монгол” наадам долоодугаар сарын 9-ний өдөр 11 цагаас Сүхбаатарын талбайд эхэлнэ. Түүнчлэн “Монголын сайхан орон” уран зургийн үзэсгэлэн МУЭ-ийн хорооны үзэсгэлэнгийн танхимд гарна. Төрийн хүндэтгэлийн концерт долоодугаар 10-ны 15.00 цагаас СТӨ-нд, Д.Сүхбаатарын талбайд 21.00 цагаас болно. Мөн Хүй долоон худагт соёлын наадмыг тусгай хөтөлбөрөөр зохион байгуулна” гэв.

Наадмын нээлт, хаалтыг мэргэжлийн урлагийн бүхий л төрөлд инновацыг шингээн бүх насны үзэгч, наадамчдад хүртээмжтэй, шинэлэг хэлбэрээр найруулахаар зорьж бэлтгэл ажлыг хангаж байгаа аж.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.