“Бэлтэс мөрөн” ХХК-ийн удирдлагад холбогдох мөнгө угаасан хэргийг прокурорт буцаав

2023-06-7 Мэдээ, мэдээлэл


“Бэлтэс мөрөн” компанийг үүсгэн байгуулагч нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр /2023.06.06/ болсон юм. Уг урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг прокурорт буцаалаа гэж Хөвсгөл аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээллээ.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн (залилах) 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 18.6 дугаар зүйлийн (мөнгө угаах) 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “Бэлтэс мөрөн” ХХК-ийн үүсгэн байгуулагч, удирдлагууд болох Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр 11 цагт эхэлж, мөн өдрийн 20 цаг 40 минутад дууслаа.

Урьдчилсан хэлэлцүүлгээр оролцогч нарын гаргасан хүсэлтийн зарим хэсгийг хүлээн авч, мөрдөн шалгах ажиллагааны явцад зарим оролцогчийг хохирогчоор тогтоогоогүй нөхцөл байдал илэрсэн, дүгнэлт гаргасан шинжээчид хуульд заасан эрх, үүрэг танилцуулаагүй тул дүгнэлт үндэслэл бүхий гарсан гэж үзэхэд эргэлзээтэй гэсэн үндэслэл зааж, хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэлээ.

Хэргийг энэ хэвээр нь шүүх хүлээн авч шийдвэрлэвэл нийт хохирогчийн эрх ашиг бүрэн хангагдах боломжгүй нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй, хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодиттой тогтоох заримд нийцэхгүй юм.

Түүнчлэн шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирлыг гэм буруутай этгээдүүдэд хуваан хариуцуулахыг тооцох зэрэгт чухал ач холбогдолтой.

Урьдчилсан хэлэлцүүлгээс гарсан шийдвэрийг хуульд заасан хугацаанд прокурор, оролцогч нарт гардуулах бөгөөд ийнхүү гардан авснаас хойш 14 хоногийн дотор гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй юм.
Дээр нэр дурдсан Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарын есөн яллагдагчийг пирамидын луйврын аргаар 2595 хүнээс 45 тэрбум төгрөгийг залилсан хэрэгт буруутган шүүхээр болоод буй.

“БЭЛТЭС МӨРӨН” ХХК ШҮҮХ

Өнөөдрийн онч үг

1 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.