Сэлэнгэ аймгийн нутагт шуурганаар сургууль, айлын байшингийн дээвэр хууларч, цахилгаан дамжуулах шугамд гэмтэл гарчээ

2023-05-19 Мэдээ, мэдээлэл


Сэлэнгэ аймгийн нутагт цасан болон шороон шуурга шуурч, цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарчээ.

Энэ талаар ОБЕГ-аас “Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянмандал, Баянхангай, Баянсуудал, Төмөрзамчид, Түнхэл, Хэрх багийн нутаг дэвсгэрт 14:30-18:30 цагийн хооронд 18-27 м/с хүчтэй шороон болон цасан шуурга шуурч цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарч, сургуулийн дээвэр хууларсан тухай мэдээллийг өчигдөр 22:37 цагт хүлээн авсан байна.

Шуурганаар ерөнхий боловсролын 2 дугаар сургууль, дотуур байр, нэг дэлгүүр, нэг айлын байшингийн дээвэр хууларч, 38 айлын хашаа хэсэгчилсэн байдлаар нурсан..

35 кВ, 6 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд гарсан гэмтлийг “Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн ажилтнууд хэвийн болгосон тухай мэдээллийг ирүүлээд байна” гэв.

Өнөөдөр говь болон зүүн аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурч, нийт нутгаар эрс сэрүүсэж, төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах тул зам, даваанд халтиргаа, гулгаа үүсэхийг ЦУОШГ-аас анхаарууллаа.

Тодруулбал, Дундговийн зүүн хэсэг, Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар, салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, Сүхбаатарын хойд хэсгээр цасан шуурга шуурна хэмээн мэдээллээ.

Өнөөдрийн онч үг

18 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.