Д.Амарбаясгалан: Цоо шинээр дугуй зохиох хэрэггүй

2023-05-5 Мэдээ мэдээлэл

 

УИХ өнөөдрөөс Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж эхэллээ. Энэхүү өөрчлөлттэй холбогдуулж, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараах байр суурийг илэрхийлжээ.

Тэрбээр “50:50 буюу УИХ-ын 76 гишүүнийг мажоритар, 76 гишүүнийг пропорциональ аргаар сонгодог холимог тогтолцоог сонгодог утгаар нь нэвтрүүлье. Та бид бусдын туршлагаас суралцах, бүр давж гарах хэмжээнд өөрчлөх хүсэл зоригтой байж, бодлогоороо өрсөлддөг, шийдлээ уралдуулдаг шинэ улс төрийг угсран босгож чадна. Зарим улстөрч, нам 60:40, 70:30, 80:20 гэх мэт сонгуулийн системийн холимог хувилбаруудыг ярьж, санал болгож байна.

Амжилттай, амжилтгүй болсон 2 жишээ байна. Нэг нь маш тогтвортой парламент бүхий улс төр, нөгөө нь тогтворгүй.

Японд парламентын гишүүдийн 60% нь манайхтай адил мажоритар, 40% нь пропорциональ аргаар сонгогддог холимог тогтолцоотой улс. 1994 оны улс төрийн тогтолцооны иж бүрэн шинэчлэлээр холимог тогтолцоо нэвтрүүлсэн. Үр дүнд намууд нь төлөвшиж, улс төр, сонгуульд мөнгөний нөлөө эрс багассан. Улс төрийн санхүүжилт ил тод байх, мэргэжлийн улстөрчдөөс бүрдсэн парламент болж төлөвших шинэ замыг нээж чадсан нь энэ. Япон бол хөгжлийн сурах бичиг. Хариуцлагатай, ёс зүйтэй, бодлогын, мэргэжлийн улс төрийн тогтолцооны сайн загвар.

Өмнөд Солонгос 2004 онд улс төрийн тогтолцооны хуулиуддаа өөрчлөлт оруулж сонгуулийн ирц, жендерийн эрх тэгш байдлыг хангах бодлогоо шинэчилсэн. Сонгуулийн хуулиа өөрчилж, Үндэсний Ассемблейгаа 273 гишүүнтэй байсныг 300 болгож тоог нь нэмсэн. Гэвч гишүүдийнх нь 84.3% нь мажоритар, 15.7% нь пропорциональ аргаар сонгогддог нь хоёр том нам ээлжлэн засгийн эрх барьдаг явдлыг улам дархалжээ.
Пропорционалын эзлэх жин бага байгаа нь улс төр, сонгууль дахь мөнгөний нөлөө, популизмыг хумихад үр дүн муутай гэж судлаачид нь үздэг. Солонгост пропорциональ хэмжээгээ нэмэх сонирхол өссөөр байна” гэжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.