Халхгол сумын нутгийн дийлэнхи хэсэг түймэрт өртжээ

2023-04-10 Мэдээ, мэдээлэл

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн “Хариуцлагагүй нэгний буруугаас иргэдэд болон байгаль экологид үлэмж их хэмжээний ноцтой хохирол учраад байна” хэмээн мэдэгдэж, дараах тайлбаруудыг хийж байна.

1. Өчигдөр өглөө Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрээс гарсан гал түймэр хүчтэй салхины улмаас унтраах аргагүйгээр улам бүр дэгдэн Дорнод аймгийн Матад сумыг дамжин Халхгол сумын нутгийн дийлэнх хэсгийг хамарсан гамшиг тохиолдлоо.
2. Халхгол сум руу Дорнод аймгийн төв болон Сүхбаатар аймгаас мэргэжлийн анги бүлгүүд, мөн Улаанбаатар хот, Хэнтий аймгаас нисдэг тэргээр Үндэсний аврах бригад очиж ажиллаж байна.
3. Аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс Халхгол сум руу түлш шатахуун, хоол ундны зардалд 10,0 сая төгрөгийг шилжүүлээд байна.
4. Халхгол сумын нутагт хүчтэй салхилж байгаа тул тэргүүн ээлжинд иргэд, малчдын амь нас, мал, эд хөрөнгийг хамгаалан ажиллаж байгаа хэдий ч малчин өрхийн 9 гэр, 1 зөөврийн сууц, 9 малын хашаа түймэрт өртөөд байна. Гал түймэрт өртсөн мал болон зэрлэг ан амьтдын тоо хараахан гараагүй байна.
5. Цаг агаарын мэдээгээр маргааш өглөө Халхгол сумын нутаг дэвсгэрт хурын үүл ажиглагдаж болзошгүй байгаа тул аймгийн төвийн болон Халхгол сумын Үүлэнд зориудаар нөлөөлөх Экпедицийг тухайн байршил руу шуурхай гаргалаа.
6. Халхгол сумын нутаг дэвсгэрийн бэлчээрийн дийлэнх нь гал түймэрт өртөөд байгаа тул малчдыг сумын нутаг дэвсгэртээ боломжтой газарт болон зэргэлдээх Матад суманд бэлчээртэй газарт нүүлгэн шилжүүлэх ажлыг нэн шуурхай зохион байгуулах шаардлага бидэнд тулгарч байна.
7. Мөн зэрлэг амьтдын хувьд нөхцөл байдал нэн хүндэрлээ.

Өнөөдрийн онч үг

1 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.