Д.Тогтохсүрэн: ХНХ-ын сайдын томилгооны асуудлыг хуулийн хугацаанд нь шийднэ

2023-04-3 Нам хөдөлгөөний амьдрал


УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.04.03/ хуралдаж, хоёр асуудал хэлэлцжээ. Тодруулбал, бүлгийн дэд даргыг томилох тухай, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Аялал жуулчлалын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсгийн мэдээлэл.

Энэ удаагийн хуралдаанаар нийслэлийн асуудал хариуцсан бүлгийн дэд даргаар УИХ-ын гишүүн Э.Бат-Амгаланг сонгосон байна.

Мөн Засгийн газраас өргөн барьсан Аялал жуулчлалын шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсож, УИХ-ын хаврын чуулганы эхэнд Аялал жуулчлалын тухай хуулийн төслийг хэлэлцэж батлах нь зүйтэй гэж үзжээ. Бүлгийн хуралд ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг хуулийн төсөлтэй холбогдуулан тодорхой саналуудыг танилцуулж, бүлэг дэмжсэн байна.

Тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Хурлаар хоёр асуудал хэлэлцсэн. УИХ дахь МАН-ын бүлэг намын дүрмээрээ гурван дэд даргатай байх ёстой. Нэг дэд дарга дутуу байсан. Нийслэлийн асуудал хариуцсан намын бүлгийн дэд даргаар Э.Бат-Амгаланг сонголоо. Ингэснээр манай намын бүлэг гурван дэд даргатай болж байна.

Дараа нь Аялал жуучлалын тухай хуулийг хэлэлцсэн. Ажлын хэсгийн санал дүгнэлтийг сонслоо. Бүлгийн гишүүдээс нэг санал тавьсан. Сүүлийн үед бизнесийг дарамтлах, булаах, үл хөдлөх хөрөнгөнд нь халдах үзэгдэл газар авлаа. Бизнес эрхлэгчдийг дарамталж, үл хөдлөх хөрөнгийг нь булааж буй үйл явдлыг таслан зогсоох чиглэлийг Засгийн газарт өгсөн. Эргээд бүлэгт танилцуулахыг үүрэг болголоо” гэдгийг хэллээ.

Мөн энэ үеэр МАН-ын Удирдах зөвлөл хэзээ хуралдаж, ХНХ-ийн сайдын асуудлыг хэлэлцэх талаар тодруулсан сэтгүүлчийн асуултад тэрбээр “Ирэх долоо хоногийн Мягмар гараг буюу дөрөвдүгээр сарын 11-нд хуулийн хугацаа дуусч байгаа. Түүнээс өмнө Засгийн газар, Ерөнхий сайд УИХ-д танилцуулж, ХНХ-ын сайдын томилгооны асуудлыг хуулийн хугацаанд нь шийднэ” гэлээ.

Өнөөдрийн онч үг

15 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.