Нийслэлийн хэмжээнд 484 цэгт нөөцийн махыг энэ сарын 15-наас борлуулна

2023-03-2 Мэдээ, мэдээлэл


Нөөцийн махыг гуравдугаар сарын 15-аас эхлэн борлуулахаар болжээ. Энэ асуудлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тодруулахад “Гуравдугаар сард нөөцийн махыг борлуулж эхлэхтэй холбогдуулан нийслэлийн хэмжээнд бэлтгэл ажлыг хангасан. 2023 онд борлуулах нөөцийн махны бэлтгэлийн хүрээнд нийт 12 аж ахуйн нэгж 7300 тонн мах нөөцөлсөн. Харин 2024 онд 10 мянган тонныг бэлтгэхээр төлөвлөж байгаа.

Нөөцийн махыг зах зээлийн үнээс хямд борлуулахаар судалж байна. Цаашид борлуулалтын цэгийг сонгон шалгаруулж, найман нэрийн дэлгүүр болон томоохон сүлжээ дэлгүүрүүдээр нөөцийн махыг худалдаална.

Шаардлагатай бол дүүргүүдэд нөөцийн мах борлуулах зориулалтын цэгийг нээн ажиллуулна. Аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах, хянах үүднээс яам, нийслэлээс хамтран Ажлын хэсэг мөн байгуулсан гэлээ.

Дашрамд дуулгахад, энэ жил нийслэлийн хэмжээнд 484 цэгт нөөцийн мах худалдах аж. Одоогоор есөн дүүргийн хэмжээнд нөөцийн мах зарах цэгүүдтэй гэрээ хийх ажил явагдаж байна.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.