Монголд болсон АСАР ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ

2023-01-27 Амрах агшин

 

Манай улсад 1957 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр Алтайн нурууны Их Богдод дэлхийг дэлдийлгэсэн хүчтэй газар хөдлөлт болсон. Газар дор 30 км байсан голомтонд 11-12 балл хүрсэн байна. Энэхүү 12 бол дээд балл юм. Ийм хүчтэй газар хөдлөлт хуурай газар ховор тохиолдно.

Тодруулбал, 80 км үргэлжилсэн уул нуруу өргөгдөж, хойш хөдөлсөн. 8,5 метр өргөгдсөн нь шинжлэх ухаанд баттай бүртгэгдсэн дээд хэмжээ юм. Мөн 10 метр өндөр чулуун давалгаа мэт бүтэц Торомхон гэдэг газар үүссэн. Бахар уулын орой хэсэг нурж унахдаа хоёр голын хөндийг хааснаар Оюу, Номин нуур үүссэн байна. Түүгээр үл барам 300 км урттайгаар газар хагарахад олон мал унаж үхсэн. Хагархайн хоёр тал дээш доош их зөрсөн, өргөгдсөн хэсэг өргөгдөөгүй дээрээ давж нөмрөн тогтох, газар хойш шилжсэн, атирсан, овойсон гээд содон үзэгдлүүд гарсан байна.

Эхлээд 5 балл газар хөдлөхөд хүмүүс барилга байшингаас гарсан. Дахин газар хөдлөхөд барилга байшингууд нурсан. Тариа шигших мэт өнхөрцгөөж, хүн малгүй хөл дээрээ тогтож чадахгүй байлаа гэж дурссан байдаг. Уулын чулуу бэл рүүгээ ихээр өнхөрсөн бөгөөд холоос харахад олон сарлаг тоос хадаан бууж байх шиг харагдсан. 13 хүн амь насаа алдаж, 1000 гаруй мал хад чулуунд цохигдон үрэгдсэн мэдээ бий.

Харин газар хөдлөлтийн улмаас хоёр аймгийн дөрвөн сумын төв газрын хөрснөөс арчигджээ. Мөн 10 сая төгрөгийн хохирол учирсан байна.

Тухайн үед эхлээд бүгт дуу гарснаа, дараа нь хүчтэй дэлбэрэлт адил чимээ гарсан байдаг. Тэнгэрт тулсан шороо тоос босож, 230 км үргэлжилсэн уул нурууг бүрхэж, 100 метрээс цааш юм үзэгдэхээ байж, 2 хоногийн дараа л агаар цэвэршсэн гэдэг. Тухайн үед газраас ус оргилж, 30 гаруй км урт урссан гол мэндэлсэн ч, дөрвөн жилийн дараа татарчээ. Мөн 5 сая ам км нутаг буюу гурван улсад газар хөдлөлт мэдрэгдсэн. 300 000 ам км нутагт барилга байшинд нэлээн хохирол учирсан, голомтоос 300-325 км-т ч мөн адил. Түүнчлэн 9 баллын бүс 17 000 ам км. 8 баллынх 65 000 ам км. 7 баллынх 230 000 ам км. 6 баллынх 700 000 ам км. 5 баллынх 1,5 сая ам км буюу Монголын нутаг дэвсгэр шиг болсон гэдэг. Мөн 700 км зайтай Улаанбаатарт 5-6 балл доргиж, хана цуурах, шавар шохой унах, барилга суух зэрэг гэмтэл гарсан байна.

Өнөөдрийн онч үг

13 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.