Х.Нямбаатар: Сүүлдээ жагсагчид ямар шаардлага тавиад байгааг ойлгохоо болилоо

2022-12-19 Засгийн газар


Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар жагсагчдын тавьж буй шаардлагатай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Сүүлдээ жагсагчид ямар шаардлага тавиад байгааг ойлгохоо болилоо. Засгийн газар огцор гэдэг шаардлага тавьж байсан. Мөн төрийн өмчит компаниудын хувьцааг нээлттэй болгож болохгүй гэдэг зүйлийг ярьж байна.

Аливаа тэмцэл хөдөлгөөн системтэй бөгөөд Үндсэн хуулийн дэг журмын дагуу явагдах ёстой. Миний хувьд тухайн жагсаал улс төрийн өөр агуулгатай байна уу гэдэг ойлголтод хүрч байна.

Жагсаж буй хүмүүсийн төлөөллийг хүртэл ҮАБЗ-ийн нууц зөвлөмжтэй танилцах боломжтой гэдгийг хэлсэн. Одоогоор үзсэн хүн байхгүй” гэлээ.

Харин шалгагдаж буй хүмүүст хилийн хориг тавихгүй байна гэсэн шүүмжлэлтэй холбогдуулан дараах тайлбарыг хийсэн юм.

Тэрбээр “Энэ асуудлыг АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн даргаас асуух хэрэгтэй. Ерөнхийлөгч асан Х.Баттулгад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол батлагдсан. Эрүүгийн хэрэг үүсгэсний дараа мөрдөгч дараах хойшлуулшгүй арга хэмжээ авна. Таслан сэргийлэх ямар арга хэмжээ авах вэ гэдгийг тухайн хүний хувийн байдалд тохируулж гаргана.

Дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй тохиолдолд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авна. Хувийн батлан даалт, гадагшаа гарахгүй гэсэн баталгаа гаргуулж авч болно. Энэ сарын 18-ны өдөр Ерөнхийлөгч асан Х.Баттулга Сөүл чиглэлд нисэхийнхээ өмнө хувийн баталгаа гаргаж, эмчлүүлэх шаардлагатай гэдэг эрүүл мэндийн бичиг баримтаа нотлоод, мөрдөгч үүнийг нь хүлээн авч, таслан сэргийлэх арга хэмжээний хувийн баталгаа гаргаад явуулсан гэж ойлгосон” гэв.

 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.