Ганга нуурын хөвөөнөө хун чуулах цагаар “Сүхбаатарын өнгө” таван намартайгаа золгов

2022-10-24 Нийгэм

 

Үзэсгэлэнт Дарьгангын талд намаржаа дэлгэр, Ганга нуурын хөвөөнөө зуу зуун хун чуулаад, жанжны нутагт намрын налгар өдрүүд налайж байна. Энэ л агшинд нутаг орондоо цор ганц цаасан хэвлэл болох “Сүхбаатарын өнгө” сонин ийнхүү таван намартайгаа золгон хүндэт зочидоо урьж, ойн баяраа хөл хөөртэй тэмдэглэв.

Ойн хүндэтгэлд нийслэлээс олон зочин аяны дөрөө мулталжээ. Тус орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, МСНЭ-ийн төлөөлөгчид, мэргэжил нэгт нөхдүүд гээд урилга залсан бүхэн нь товлосон цагтаа ирж. Мөн энэ л орон нутгаас төрөн гарсан долоон гавъяат, аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчид болон хамтран ажилладаг төр засгийн ажилтан, үнэнч уншигчид гээд “Сүхбаатарын өнгийг” тодлогч бүхэн нь энд цуглаж.

Энэ өдрийн гол эзэн Ерөнхий эрхлэгч Д.Улаанхүүхэн 2017 онд сониныхоо анхны шанг татаж, өнөөдрийг хүртэл бүхий л үйл ажиллагааг нь нуруундаа үүрч нутгийн зон олныхоо дуу хоолойг өнөөгийн төр, нийгмийн анхааралд хүргэн дөрөв дэх засаглалын үүргээ нэр төртэй биелүүлж буйг үнэлэхгүй байхын аргагүй. Тийм ч учраас түүний хөдөлмөр, гавьяа зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж, сониных нь таван жилийн ойн баяраар Хөдөлмөрийн хүндэт медалиар энгэрийг нь мялаав. Тэрбээр МУИС-ийн Сэтгүүл зүйн ангийг төгсөж, “Ардын эрх” сонин, МҮОНР болон орон нутгийн BBS телевизэд 10 жил гээд сэтгүүл зүйн салбартаа тасралтгүй 20 жил шахам ажиллаж яваа мэргэшсэн, туршлагатай уран бүтээлч юм.

Ийнхүү ойн баярын хүндэтгэлийн хоймроос зочид төлөөлөгч олон сайхан мэндчилгээ, сэтгэлийн үг, талархлын дуу хуур эгшиглүүлж, үдшийн цэнгүүн түмэн өнгөөр үргэлжлэв.

Харин түүний аав Дугарсүрэн гуай “Миний жижигхэн охин ТОМ болжээ” гэж хэлсэн ганц өгүүлбэр нь эл үдшийн хамгийн том магтаал байлаа. Малчин айлын бяцхан охин 14 настайгаасаа сонинд юм бичээд, доор нь нэрээ тавьдаг, мундаг сэтгүүлч болохыг мөрөөдөж эхэлж. Харин аав нь охиноо МУИС-ийн сэтгүүл зүйн ангид сурна гэхэд “Наад хуваариа авч чадахгүй бол мал дээр гарна шүү” хэмээн хатуухан анхааруулсан нь түүний өнөөдрийг хүртэл бүтээсэн, өндрөөр үнэлэгдэх амжилт бүхнийх нь “тарни” байсан болов уу.

…Тийм ээ, нэгэн цагт дорнын их яруу найрагч Б.Явуухулан

Ганга нуураас ниссэн хун

Намартаа заавал буцаж ирдэг

Ганга нуураас явсан хүн

Насандаа заавал эргэдэг гэнэ… хэмээн шүлэглэсэн байдаг. Энэ л нутгийн шавилхан бүсгүй их хотоос ажил амьдралын гараагаа эхэлсэн ч, Ганга нуурандаа эргэн ирж, өнөөдөр төрөлх нутагтаа ийнхүү сэтгүүл зүйн салбарыг хөгжүүлж явна. 20 гаруй жил цаасан хэвлэлгүй байсан сүхбаатарчууд өдгөө долоо хоног бүрийн даваа гаригийг шинэ мэдээ мэдээллээр угтаж, нутгийнхаа амжилт бүтээл, алдаа оноог “Сүхбаатарын өнгөндөө” баринтаглан хадгалж, нэгэн үеийнхээ түүхийг архивлан сууна.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.